БНСУ-д мөрийтэй тоглоом тоглохын тулд их сургуулийн лабораториос 100 сая воны үнэ бүхий компьютерийн эд анги хулгайлсан монгол оюутанд нэг жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын хуулийн байгууллагын мэдээлснээр, "Сувон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 5-р хэсгийн шүүгч Гон Хён Жин хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн А (28 настай)-д нэг жилийн хорих ял оноосон" гэжээ.
Мөн тус хэргийн шүүгч Гон Хён Жин, "Шүүгдэгч нь Монголоос энэд ирэн суралцаж буй төгсөх ангийн оюутан бөгөөд өөрийн удирдаж байсан лабораторийн компьютерын үндсэн эд ангиудыг хулгайлж, худалдсан. Тодруулбал, мөрийтэй тоглоомын сан бүрдүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан. Хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлүүлсэн байна” гэжээ.
Сонирхуулахад, Монгол оюутан А нь 2023 оны долдугаар сарын 4-ний өдрийн 00:00-04:00 цагийн хооронд Сувон хотын их сургуулийн лабораторийн компьютерээс график боловсруулах төхөөрөмж анх гаргасан бөгөөд энэ оны 4-р сар хүртэл 12 удаа гаргаж зарсан байжээ. Зах зээлийн нийт үнэ нь 108 сая вон болсон аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх