Цахим мэдээ
Хэн

Францын компаниас авлига авсан албан тушаалтнууд ХЭН байв?

Монгол, Франц хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийж, харилцан ойлголцож ураны салбарт хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулахтай зэрэгцэн "Монголын улс төрийн өндөр албан тушаалтнууд ураны ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Францын талаас их хэмжээний авлига авсан. Энэ хэрэг нь Францад шийдэгдэж, авлига өгсөн Арева групп өндөр дүн бүхий торгуулийн ял шийтгэл хүлээсэн" гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй зэрэгцэн Монголын талаас авлига авсан албан тушаалтнууд хэн бэ гэх яриа таамаг нийгэмд өрнөөд байсан билээ. 

Тэгвэл өчигдрөөс энэ хүмүүсийн нэр албан ёсоор тодорхой болж байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хандан "Таныг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байсан Д.Үүрийнтуяа, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нар Францтай холбоотой авлигын хэргийн холбогдогчид..." гэж нэр цохон хэлэв. 

Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би тэр үед огцорчихсон байсан..." хэмээн булзааруулж, сандарч байв.

Тэгвэл О.Эрдэнбулган, Д.Үүрийнтуяа гэж хэн хэн бэ гэдэг талаар товч мэдээлэл хүргэе.

О.Эрдэнэбулган нь АН-ын гишүүн бөгөөд 2012-2014 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж байв. Тухайн үед тус яамыг хариуцсан сайдаар Д.Ганхуяг ажиллаж байсан билээ. О.Эрдэнэбулганыг уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох явцдаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр 2018 онд АТГ-аас баривчлан шалгаж байсан ч удалгүй суллагдсан юм. Одоогоор О.Эрдэнэбулган хаана, юу хийж яваа нь тодорхойгүй. Ямартай ч, ураны том хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбоотой том сэдэв дээр гадаадын компаниас их хэмжээний авлига авсан Монголын албан тушаалтнууд гэгдэх хүмүүсийн нэг нь тэр болж таарлаа.

Д.Үүрийнтуяа бол Сэлэнгэ аймгийн уугуул, оёдолчин мэргэжилтэй, АН-д олон жил зүтгэж байгаа эмэгтэй. Тэртээ 2000 оны эхэн үеэс АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг намын байгууллагын удирдах шатанд идэвхтэй ажиллаж ирсэн. Түүнчлэн, Иргэдийн сонголт төв, Байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийг дэмжих холбоо, Гэгээлэг нийгэм, Гэгээлэг нийгмийн төлөө Үүрийнтуяа сан зэрэг төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж, удирдан ажилласан. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ч сонгогдож байсан удаатай. 

Д.Үүрийнтуяа 2012, 2020, 2024 онуудад УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшсэн. Тухайлбал, өнгөрсөн зун төрсөн нутаг Сэлэнгэ аймаг буюу Төвийн бүсийн 5-р тойрогт нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй юм. 

Харин 2012-2016 онд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хамгийн их ашиг сонирхол дагуулдаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, дэд даргаар ажиллахдаа гадаадын хөрөнгө оруулагч талаас авлига авсан хэрэгт холбогдсон өдгөө ийнхүү ил болж байна. 

Хэрэв Д.Үүрийнтуяа өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болж сонгогдсон бол эл авлигын хэрэг нь сөхөгдөхгүй дарагдах байсан байж ч болох юм. 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх