УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнгөрсөн долоо хоногт "АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдсан хүн албан тушаалд томилогдох гэж байна" хэмээн шүүмжилж байсан билээ. Тэгвэл тэр хүн нь Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд байж таарав.
Түүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын даргаар томилсон байна. АТГ-аас С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан байдаг. Тодруулбал, С.Энхболд нь Эрүүл мэндийн сайдын албан тушаал хашиж байхдаа “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгагдсан юм. Гэтэл авлигын хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан хүн нийт ард түмний эрүүл мэндээ даатган хамгаалж, мөнгө төлж хуримтлал үүсгэдэг чухал газрын даргаар томилогдсон зөвхөн улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн шүүмжлэл дагуулж эхэллээ.
Мөн ЭМДЕГ-ын өмнөх дарга Л.Бямбасүрэн авлигын хэрэгт холбогдож, өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл шинээр ирж буй хүн нь мөн л авлигын хэргийн эзэн байдаг. Энэ нь төрийн өндөр тушаалд нэр цэвэр, ашиг сонирхлын зөрчилгүй хүн томилох тал дээр эрх баригчид тун чадамжгүй хандаж буйг харуулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх