Цахим мэдээ
Юу

"Тавантолгой түлш" компанийн бүх удирдлагыг шалгаж эхэллээ

Утааны гамшиг улам бүр даамжирч нэг шөнийн дотор гэр бүлийн зургаан хүн бөөнөөрөө амь эрсэдсэн, мөн өнгөрсөн хугацаанд олон зуун хүн амиа алдсан, нийтийн эрүүл мэндэд ноцтой хохирол учрах болсон, хөрөнгө зарцуулалт, технологийн горим гээд олон асуудал ар араасаа хөврөх болсон учраас "Тавантолгой түлш" компанийн одоогийн болон өмнөх бүх удирдах шатны албан хаагчдыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өнөөдөр мэдэгдлээ.

Мөн энэ долоо хоногийн эхээр болсон утааны сэдэвт Ерөнхий хяналтын сонсголын үеэр тус компанитай холбоотой асуудалд тодорхой хариуцлага яригдахгүй явж ирлээ. Тийм урчаас нэн даруй шалгаж, буруутай этгээдүүдийг тогтоох, алдаа дутагдал гаргасан бол тодорхой хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг оролцогчид шаардаж байсан билээ. 

Түүнчлэн, түлш үйлдвэрлэх явцад ашиглаж буй барьцалдуулагч, олон төрлийн бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой эсэхийг тогтоохоор шалгаж байгаа юм байна. Компанийн төлөөллүүд тодорхой стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа гэсэн тайлбар өгдөг. Харин уг стандарт нь хүний эрүүл мэндэд хамаатай бус түлшний илч дулаан, үнслэг, хатуулагтай холбоотой байгаа нь зүйд нийцэхгүй гэж сонсголд оролцсон УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаач нар маргаан дэгдээгээд байгаа юм. 

Ямартай ч, олон жил утааны гол түүхий эдийг үйлдвэрлэж байгаа ч аливаа хариуцлагаас хол явж ирсэн "Тавантолгой түлш"-ийн үе үеийн удирдлагуудыг шалгах ажиллагаа эхэлсэн гэдгийг хариуцлагатай албан тушаалтан мэдэгдлээ. Энэ нь хий хоосон жүжиг биш бодит ажил хэрэг болж чадах эсэхийг харах л үлдлээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх