Цахим мэдээ
Юу

Угаартсан хүмүүсийн хойноос хэн ч шаналаагүй, бүгд жүжиг

Хэдхэн хоногийн өмнө олон хүн угаартчихлаа гэж нийгмээрээ шаагиж байсан ч өнөөдөр таг чиг болцгоосон байгаа биз? Өнөө аюул нь арилаагүй байгаа шүү дээ. Тэр ч бүү хэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л нэг бүтэн гэр бүл /аав нь гурван хүүхдийн хамт/ угаартсан байх магадлалтай амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан. Гэтэл энэ асуудлыг хэн ч ярихгүй, сөхөхгүй, нохой үхсэн чинээ ч тоохгүй байгаа биз? Тийм ээ. Энэ бол бидний яг үнэн нүүр царай. Уг нь бол 700 байна уу, зургаа байна уу, гурав байна уу хамаагүй. Хүний амь хохирсон л бол яг адилхан байх учиртай. Харамсалтай нь, бидэнд хэдэн хүн үхэх нь ер сонин биш. Хэний үхлийг дуулиан болгож байна гэдэгт л ач холбогдол өгдөг болсон.

Өөрөөр хэлбэл, монголчууд утаанд хордож буйгаа, угаартаж үхэж буйдаа яг үнэнээсээ сэтгэл зовинохгүй, санаа тавихгүй байгаа юм. Сая гэр бүлийн зургаан хүний асуудал дээр яагаад жаахан шаагилдав гэхээр улс төр оролцсон учраас л тэр. Бусдаар тэр харамсалтай явдлын бодит хохирогч буюу ар гэрийн төлөөллөөс бусад нь яг жинхнээсээ огт шаналаагүй. Харамсаагүй, өрөвдөж хайрлаагүй. Өөрчилж засъя, буруутныг олъё, хариуцлага тооцуулъя гэж хүсээгүй. Зүгээр л салхи дагаж хэсэг шуураад өнгөрлөө. Ерөнхий сайдын үг, үйлдлийг хүртэл харахгүй юу. Хүмүүс шахаж шаардаад байхаар арга буюу хагас сайны шуурхай хурлынхаа үеэр ёс төдий эмгэнэл илэрхийлсэн болж жүжив. Одоо тэр өнчин хүүг өмгөөлөх нэрийн дор нэг намын захиалгатай хүн очоод дэргэд суучихсан өдөр бүр шахуу лайв хийгээд байж байна. Бас нэг намын нөхөр өмгөөлөх нэрийн дор улс төрийн зорилгоор ашиглах гэж улайраад, тэр нь баригдаад булай болоод явцгааж байна.

Ийм л хөгийн хүн чанаргүй, араатанлаг нийгмийг бид бий болгожээ. Утааны асуудалд, угаарын аюулд чин сэтгэлээсээ санаа тавьж, дахиад нэг ч гэсэн хүний амь хохироохгүй юм сан гэж хичээж байгаа хүн огт алга. Утааны сонсголоос харж байхад хамгийн эхэнд хариуцлага хүлээх ёстой сайд дарга нар бүхнийг өөрсдөөсөө зайлуулах гэж хичээж байсан. Жишээ нь, БОУӨ-ийн сайд, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа "Албан тушаалтнуудтай хариуцлага ярьж болохгүй. Тэр бол төрийн бодлогыг л хэрэгжүүлсэн хүмүүс..." хэмээн улайхгүй хэлээд сууж байсан. Мөн энэ хороо ямар ч төсөвгүй, ямар ч эрх мэдэлгүй учраас утааны эсрэг бодитой ажил хийж чадахгүй зүгээр л бэлгэдлийн чанартай бүтэц гэдгээ ил цагаан хэлсэн. Ийм байхад асуудал ойрын ирээдүйд шийдэгдэхгүй гэдэг ойлгомжтой.

Тийм ч учраас үхэл хагацлаар далимдуулж улс төр хийх нь улам гаарч байна. Өдгөө Засгийн газрыг огцруулах санал гаргаад гүйж байгаа Ч.Лодойсамбуу гишүүний үйлдлийг олон нийт "Утааны эсрэг явж байгаа, угаараар амиа алдсан хүмүүсийг асуудлыг хөндөж байна" гэж өнгөц харж байх шиг. Гэвч үнэндээ тийм биш юм. Улс төрд баялгийн хулгайчид болон бусад гэсэн том бүлэглэл үүсч, тэдний хооронд зодоон өрнөж байгаагийн л нэг илрэл. Цаг хугацааны хувьд олон хүн амиа алдаж, олны анхаарал төвлөрсөн үетэй давхацсан болохоос үндсэн зорилго нь огт өөр. 

Энэ мэтээр бид эрдэнэт хүний амь эрсдэхийг ч юман чинээ бодолгүй тулга тойрсон улс төрөө хийж, өвөр зуураа хөлөө жийлцэн сууна. Өөрөөр бол, энх цагт 800 орчим хүний амь авчхаад байгаа аюулт утааг шийдье, таслан зогсооё, хариуцлага тооцъё гэж байгаа нэг ч хүн алга. Олон нийт ч өөрсдөө олигтой тэмцэхгүй улс төрчдийн шоуны өгөөш болж, далласан газар нь даган намирч, далайсан цагт нь амаа хамхиж, амиа хоохойлсоор өдөр хоногийг аргацааж байна. Тун удахгүй сар шинэ гарч, урь унаж хавартай золгоно. Утаа угаараа өвөл хүртэл мартана. Ирэх өвлийн их утаа эхлэх үед л дахиад гэнэт санах байх даа...

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх