Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн хүнд суртал, шийдвэр гаргах шат дамжлагыг нэмэгдүүлж байгаа зөвшөөрлөөс давсан дүрэм журмуудыг цуцлах ажлыг эрчимжүүлж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ ажлыг үргэлжлүүлж Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль давсан хоёр журмыг цуцалсан байна.
Тодруулбал, "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйннэгж байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам", "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам" гэсэн хоёр баримт бичгийг цуцаллаа.
Ийнхүү зөвшөөрөл давсан бүртгэл, журам нэртэй хориглолтын систем үгүй болох, төрийн хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлоос сэргийлж бизнес эрхлэгчдээ дарамтаас чөлөөлөх ажил эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх