Цахим мэдээ
Юу

НӨАТ төлөгчийн босгыг 400 саяд хүргэж магадгүй

Сангийн яамнаас боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэн, хуулийн этгээдийн НӨАТ төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.

Уг хуулийн төсөлд “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь үргэлжилсэн 12 сарын хугацаанд 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч (цаашид “татвар суутган төлөгч”) байна” гэж заасан байна.

Мөн үйл ажиллагааны борлуулалтын жилийн орлого 80 сая ба түүнээс дээш бол НӨАТ төлөгчөөр сайн дураараа бүртгүүлж болохоор тусгасан байна.

Харин татварын хөнгөлөлтийн талаар:

  • Татвар төлөгчийн тухайн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 100 хувь,

  • 500,001-800,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 50 хувь,

  • 800,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олгоно.

Татвар төлөгч нь татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, холбогдох төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлж, баталгаажуулснаар татварын хөнгөлөлтийг эдлэнэ гэсэн заалтууд орсон байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хувь хэмжээг өөрчлөөгүй бөгөөд бараа ажил, үйлчилгээний дотоодын борлуулалт, импортод 10 хувиар татвар ногдуулах бол экспортод 0 хувийн татвар ногдуулах юм.

Энэ төслийг одоогоор УИХ-д өргөн бариагүй байгаа бөгөөд иргэн хуулийн этгээдээс санал авч байна.

Хэрэв та хуулийн  төсөлд санал өгөх бол Та ЭНЭ ХОЛБООСООР хандаарай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх