Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргын албан тушаал хашиж байсан Л.Бямбасүрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийлээ. Тус шүүхийн шүүгч Н.Нямдаваа удирдан, НПГ-ын хяналтын прокурор Г.Онон, холбогдогч 11 хүний өмгөөлөгчдийг оролцуулан хийсэн хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг тавдугаар сарын 6-ны 14.00 цагт товлов. ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, өгсөн хэмээн буруутгаж буй билээ. ЭМДЕГ-ын албан тушаалтнууд нэг бус удаа хахууль авч, эрүүл мэндийн байгууллагуудад давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоон, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн юм. Тодруулбал, ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Номинсувд нь дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Уг мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн нь шалгалтаар тогтоогдсон хэмээн буруутгагдсан билээ.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Б.Золбоо нарын хэргийг 60 хоногт багтаан дахин шалгах нь “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг дээрх шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг хянан хэлэлцээд шүүхээс даалгасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэж дүгнэн 60 хоногийн хугацаанд дахин шалгуулах захирамж гаргасан байна. Уг нь Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сарын 9-нд хэлэлцээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Ч.Ганхуягийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000, Б.Золбоог 4000 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг. Шүүхийн эл шийтгэх тогтоолыг Ч.Ганхуяг, Б.Золбоо нар үл зөвшөөрч, давж заалдсанаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нь дахин шалгуулахаар өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд прокурорын хяналтад буцааж шийдвэрлэсэн юм. Гэвч нэмэлт шинжилгээний дүгнэлт зэрэг нь эргэлзээтэй байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсгийг үндэслэн дахин шалгуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх