Иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ үнэн зөв, баримттай мэдээлэх нь хэвлэл мэдээллийн редакцын нэн тэргүүний үүрэг болохыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санууллаа.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хороо 2025 оны хоёрдугаар улирлын хурлаа 6 дугаар сарын 10-нд хийж, дөрвөн гомдол хэлэлцсэн байна.
Нэг. Эх сурвалжийн яриаг гуйвуулан ташаа мэдээлэл түгээжээ
Neguun.mn сайт 3-р сарын 14-ний өдөр “Индранил шүдний эмнэлэг үйлчлүүлэгчийнхээ эрүүн дор зүсэж алдаа гаргажээ”, “Индранил шүдний эмнэлгийн эмч алдаа гаргасан ч үйлчлүүлэгчийнхээ буруу болгодог уу” гэх гарчигтай шууд дамжуулалтууд хийсэн байна.
Тэдгээр дамжуулалттай холбогдуулан “Индранил” эмнэлгээс Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм. Гомдолд эмч огт зүслэг хийгээгүй байхад сэтгүүлч “Шинийн нэгний өдөр ирж үйлчлүүлсэн хүний эрүүн дор зүсэж ноцтой алдаа гаргасан” хэмээн хэлсэн, редакцтай утсаар холбогдож тухайн мэдээлэл нь ташаа мэдээлэл гэдгийг хэлж болсон явдлыг тайлбарлаад, мэдээллээ залруулах хүсэлт тавихад хүлээж авалгүй блоклосон, үйлчлүүлэгч өөрөө 1-р эмнэлэгт зүсэлт хийлгэсэн гэж хэлээд байхад “Индранил шүдний эмнэлэг үйлчлүүлэгчийнхээ эрүүн дор зүсэж алдаа гаргажээ” хэмээн гарчигласан, тухайн үйлчлүүлэгч шүдээ авахуулах гэж ирэхэд авах шаардлагагүй, эмчилж болох шүд гэдгийг хэлээд 1-р эмнэлэгт очихыг зөвлөсөн, үйлчлүүлэгч ч тус эмнэлэгт очиж зохих эмчилгээг авсан байхад гүтгэлгийн шинжтэй, ташаа мэдээлэл тараан байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн дурджээ.
Редакц тухайн гомдолтой холбогдуулан ХМЗ-д дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа дээрх шууд дамжуулалтай холбоотойгоор Иргэний хэргийн шүүхэд маргаан үүсээд буйг мэдэгдээд байв.
Ёс зүйн хороо гомдлыг нягтлан хэлэлцээд редакц шууд дамжуулалтдаа эх сурвалжийн яриаг гуйвуулж, худал гарчиг өгсөн, тухайн шүдний эмнэлэг дээр очсон хэдий ч эмнэлгийн ажилтанд тайлбар өгөх боломж олгохгүй байгаа нь шууд дамжуулалтаас харагдаж байгаа, мөн гомдол гаргагчийн зүгээс редакцтай утсаар холбогдож тухайн мэдээлэл болон гарчиг нь ташаа мэдээлэл гэдгийг хэлж болсон явдлыг тайлбарлаад, мэдээллээ залруулах хүсэлт тавихад хүлээж аваагүй зэргийг үндэслэн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.8, 1.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Хоёр. Редакц мэдээллээ эх сурвалж, баримтаар баталгаажуулсангүй
Zuv.mn сайтыг “Женкогийн шударга бус шүүхийн хонгил устсангүй” гэх гарчигтай мэдээллээрээ эцэслэн шийдэгдээгүй хэрэгт холбогдуулан шүүгч болон шүүх байгууллагын нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлж шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан, хэт нэг талыг барьсан ташаа мэдээлэл түгээсэн хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас гомдол ирүүлсэн. Ингэхдээ “…Ченжүүдийн “Нэр төрд халдлаа” гэх гомдлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, ченж нарт “элэг”-тэйгээр шийдвэрлэсэн нь цаанаа учиртай байж… Тэргүүн Ц.Лхагважавын гомдлыг хүлээн авч, нүдээ боолгоостойгоор шүүхийн шийдвэрийг тамгалсан хүн нь харин “Женко” Х.Баттулгын ойрын хүн Г.Төрболд шүүгч. Тэрээр “Женко”-гийн үед “илжирсэн” шүүхийн тогтолцооны бодит оролцогч байсан. Тодруулбал, тухайн үед ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референтээр томилогдож, удаагүй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр заларчээ. Ингээд “Женко”-гийн нэг “сайн” нөхөр нь гомдол гаргаж, нөгөө “сайн” нөхөр нь гомдлыг шүүхийн шийдвэр болгон биежүүлсэн түүхтэй. Цаашид “Женко”-гийн босгосон шударга бус шүүхийн систем задран унах эсэх нь одоо ч тодорхойгүй хэвээр. Шударга бус шүүхийн гар хөл бологсод одоо хүртэл оршин байсаар л байна” хэмээн мэдээлсэн. Мөн тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүх, шүүгчийн нэр, албан тушаалыг мэдээлж, фото зургийн хамт олон нийтэд түгээж, шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүх нэр бүхий этгээдүүдийн захиалга, зааварчилгаагаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа мэтээр эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар буруу ойлголтыг нийгэмд өгч олон нийтийг төөрөгдүүлсэн, хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээж шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн эсрэг олон нийтийг турхирсан үйл ажиллагаа явуулсан гэсэн байв.
Харин Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд редакц эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар мэдээлэхдээ шүүгчийг шударга бусаар ажилласан, шүүх байгууллагыг шударга бус хэмээн урьдчилан дүгнэж, баримтгүй мэдээлэл түгээсэн, нэр бүхий хүмүүсийг холбоо хамааралтай хэмээн бичсэн боловч түүнийгээ нээлттэй дата, аман болон бичгийн эх сурвалж зэрэг зохих ёсны эх сурвалж, баримтуудаар баталгаажуулаагүй, хүний болон байгууллагын нэр хүндэд ноцтой халдсан мэдээллийг баримт нотолгоогүйгээр үзэл бодол оруулан түгээсэн хэмээн үзсэн. Улмаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэв.
Гурав. Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийх зарчмаа мөрдсөнгүй
МИГ даатгал ХХК-аас даатгалын үйл ажиллагаатай холбоотой үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж, иргэний хохирлыг барагдуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад “МИГ ДААТГАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ХОХИРООСООР БАЙХ УУ” хэмээн нууцаар бичлэг хийж, түүнийгээ эвлүүлэх байдлаар нэг талыг барьсан, ташаа мэдээлэл түгээсэн хэмээн Neguun.mn сайтын эсрэг гомдол ирүүлсэн. Ингэхдээ тухайн мэдээллийг бэлтгэх үеэр МИГ даатгал ХХК-ийн Нөхөн төлбөрийн үйл ажиллагаа хариуцсан захирал хохирогчийн эхнэр болон сэтгүүлч, зураглаачийг өрөөндөө хүлээн авч, тайлбар мэдээлэл өгье гэхэд сэтгүүлч, зураглаач нар шалтаг хэлэн гарч явсан учраас хохирогчийн эхнэрт нөхөн төлбөртэй холбоотой хуулийн хугацаа болон шийдвэрлэлтийн талаар танилцуулж, нөхөн төлбөр олгох асуудал хэвийн явагдаж байгаа, гуравдугаар сарын 10-ны өдөр хохирогчийн дансанд шилжин орох тухай тайлбарласан гэжээ. Үүний дараа ажлаа хийж буй ажилтнуудын царай төрхийг зөвшөөрөлгүйгээр нууцаар хийсэн дүрс бичлэгээ оруулж, нэг талын мэдээлэлд тулгуурласан, нотолгоогүй, бодит байдлыг илт мушгин гуйвуулсан мэдээлэл түгээсэн гэж үзсэн байв.
Редакц уг гомдолтой холбогдуулан хариу тайлбараа дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн бөгөөд тухайн асуудалтай холбоотойгоор Иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэн гэдгийг мэдэгдсэн.
Ёс зүйн хороо гомдлыг нягтлан хэлэлцээд тухайн иргэний даатгалын асуудал шийдвэрлэх шатандаа явж байсан, нөхөн олговрыг 3-р сарын 10-ны өдөр олгоно гэдгийг мэдэгдсэн байхад редакц 7-ны өдөр очиж “МИГ ДААТГАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ ХОХИРООСООР БАЙХ УУ” хэмээн урьдчилан дүгнэсэн гарчигтайгаар даатгалын байгууллага иргэний хохирлыг барагдуулахгүй гэж байгаад редакц очихоор нь барагдуулахаар болсон юм шиг агуулга бүхий шууд дамжуулалт хийсэн учраас Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн.
Харин хохирогч гэх иргэн өөрийн биеэр редакцад хандан, даатгалын байгууллага дээр хамт очиж яриа өгсөн, редакц даатгалын байгууллагаас тайлбар авахыг хүсэж, байгууллага дээр нь очсон нь үнэн бөгөөд тухайн байгууллагын төлөөлөл нөхцөл байдлыг тайлбарлаж болох ч яриа өгөхгүй гэдгээ илэрхийлсэн учраас Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2, 1.8 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэв.
Дөрөв. Эх сурвалж яриа өгөхгүй, дуу болон дүрсний бичлэг хийлгэхгүй гэдгээ илэрхийлсээр байхад нууцаар бичлэг хийн түгээх нь ёс зүйгүй үйлдэл гэж үзлээ
Neguun.mn сайт “МИГ ДААТГАЛ ГЭРЭЭНД ТУСГААГҮЙ ЗҮЙЛЭЭ ГАРГАЖ ИРЧХЭЭД ХУУЛЬ ШҮҮХЭЭР ЯВ ГЭЭД СУУЖ БАЙНА”, “МИГ ДААТГАЛ ИРГЭДИЙГ ХУУРАХ ЗАМААР ДААТГАДАГ УУ?” гэх гарчигтай мэдээллүүддээ дуу, дүрсний бичлэг хийхийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, тухайн асуудалтай холбоотой дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг өгөөд байхад нууцаар бичлэг хийж, зөвхөн гомдол гаргагч иргэний мэдээллийг баримтлан, байгууллага болон ажилтныг буруутгасан, асуудлыг мушгин гуйвуулсан агуулгаар эвлүүлэг хийсэн бичлэгийг бэлтгэн түгээж байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдсан хэмээн МИГ даатгал ХХК-ийн ажилтан Ч.Н-ээс гомдол ирүүлсэн.
Ёс зүйн хороо гомдлыг нягтлан хэлэлцээд хохирогч гэх иргэний ярьж буй хоёр өөр гэрээг харьцуулж нягталсан эсэх нь тодорхойгүй, тухайн гэрээнүүдэд яг ямар ямар ялгаа байгааг харуулаагүй, МИГ даатгал ХХК-ын ажилтан Ч.Н нь яриа өгөхгүй, дуу, дүрсний бичлэг хийхийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, тухайн асуудалтай холбоотой тайлбар, мэдээллийг өгсөн байхад нууцаар бичлэг хийж, түгээсэн тул редакц Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1 дэх заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн.
Ёс зүйн хороо энэ удаагийн хурлаар хэлэлцсэн гомдлууд дээр үндэслэн редакцад хэн ч хандан гомдол гаргах эрхтэй хэдий ч тухайн асуудлын талаар мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх шаардлагатай юу гэдгээ редакц бодолцох нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Хавсралт
Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд
1 – Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
1.1 – “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”
1.2 – “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”
1.3 – “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”
1.5 – “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”
1.6 – “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”
1.8 – “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”
1.9 – “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна”
СЭТГЭГДЭЛ Үлдээх