Урин дулаан болохтой зэрэгцээд зарим байгууллагад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын холбогдох дүрэм, журам зөрчигдөж хүний амь, эрүүл мэнд хохирох хэрэг, зөрчил нэмэгддэг. Ийм хоёр ч хэрэг өнгөрсөн өдрүүдэд гарлаа. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-т механикч нь осолдож нас барсан хэрэг энэ сарын 16-ны 21.30 цагийн үед гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн хэргийг шалгаж буй аж. Тус компанид ажилладаг эх сурвалжууд “Зорчигч тээвэр-5” автобус баазын сэлбэгийн агуулахын дээврээс хяналтын механикчаар ажилладаг М гэх залуу унаж нас барсан. Дээврийн цоорхой зэргийг шалгаж яваад халтирч унасан бололтой” гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гаргийн 14.00 цагийн үед “ДЦС-4” ТӨХК-ийн зүүн талд байрладаг “Эвт төмөр” компанийн ажилчин цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас амиа алджээ. “Эвт төмөр” ХХК-ийн туслах ажилчин 58 настай Б автомашины тэвш дээрх хогийг ус шүршиж цэвэрлэж байх үедээ ийнхүү харамсалтайгаар нас барсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх