Улаанбаатар хотын 385 жилийн түүхт ой тохиож байна. 1924 онд болсон Улсын анхдугаар их хурлын аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Хүрээний нэрийг “Улаанбаатар хот” хэмээн өөрчилсөн гэдгийг бүгд мэднэ. Энэ огноог баримтлан Нийслэлийн өдрийг тэмдэглэх шийдвэрийг 1990-ээд оны дундуур гаргажээ.
Нийслэл хот одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшжээ. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдэх болсон байна.
Өргөө /1639-1651 он/
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв, гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байжээ.
Номын хүрээ /1651-1706 он/
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ /1706-1911 он/
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирчээ. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна.
Нийслэл хүрээ /1912-1921/
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх