Цахим мэдээ
Юу

Малын хулгай ба соёлын сүйтгэл

Хотын бид дөрвөн уулынхаа дунд замын түгжрэл, утаа, сошиалын маргаанд дарагдан амьдрахдаа эх орныхоо уудам нутгийг хэн эзэнтэй байлгаж, хэн сахин сууж байна вэ гэж өөрөөсөө асуух нь ховор. Харин хариулт нь тун энгийн. Мал сүрэг, малчин олон л энэ нутгийг өнөөдрийг хүртэл амьд хэвээр нь хадгалж ирсэн.

Малчид хоёр нарны хооронд хол ойр өртөөлөн, малаа адгуулж явахын зэрэгцээ хэдэн мянган жилийн түүхтэй нүүдлийн соёлыг өнөөдөр хүртэл тээн авч яваа сүүлчийн нүүдэлчид юм. Энэ бол зүгээр нэг амьдралын хэв маяг бус, Монголын оршихуйн үндэс гэж хэлэхэд хилсдэхгүй.

Гэтэл сүүлийн үед хот айлыг эзгүйчилж, буянт мал сүргийг харгислан нядалсан сэтгэл сэрдхийлгэм мэдээ цөөнгүй дуулдах боллоо. Мал бол зарим хүний хувьд идэш хоол, мөнгөний эх үүсвэр төдий зүйл байж магад. Харин малчин хүний хувьд бол хөдөлмөр, амьдрал, итгэл найдвар, нэр төрийнх нь салшгүй хэсэг байдаг.

Саяхан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Б долоон адуугаа алдаж, улмаар 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Алтат” гэх газраас толгой, арьсыг нь хэсэгчлэн хаясан байдалтай олдсон хэрэг гарлаа. Алдагдсан долоон адуу нь хурдан удмынх байсан бөгөөд нэг хонгор зүсмийн үрээ нь сумынхаа 100 жилийн ойгоор аман хүзүүдсэн, зээрд даага нь бага наадамд гурван удаа айрагдсан амжилттай байв. Мөн Хүрэн азарга нь Дорнод аймгаас зорин очиж авсан, угшил сайтай азарга байсан тухай нутгийнхан ярьж байна. Энэ бүхэн бол уяач хүний олон жилийн хөдөлмөр, итгэл найдвар нэгэн зэрэг тасалдсаны илэрхийлэл.

Хамгийн эмзэглэмээр нь, хэргийн газарт очсон малчны жаал хүү өөрийн унаж, сумынхаа ойгоор аман хүзүүдэж байсан үрээнийхээ толгойг таньж харсан байна. Арваадхан настай хүүгийн хувьд морь гэдэг бол зүгээр нэг мал биш, хамт өссөн анд, бахархал, мөрөөдлийнх нь нэг хэсэг. Ийм харууслыг ямар ч нөхөн төлбөр, ямар ч тайлбар арилгаж чадахгүй.

Дээрх хэрэгт гагц хулгайчийн асуудал яригдахгүй. Ийм төрлийн гэмт хэргийг “жирийн малын хулгай” хэмээн үл тоомсорлож, хэрэг хаагдаж, хариуцлага тодорхой тооцогдохгүй байвал хулгайчид улам л ханцуйгаа шуухад хүрнэ. Тиймээс ийм төрлийн гэмт хэргийг малчдын амьжиргаа, үндэсний соёлд халдсан ноцтой хэрэг гэж үзэж, цагдаагийн болон прокурорын байгууллагууд бодитоор анхаарч, шуурхай, үр дүнтэй ажиллах шаардлагатай байна. Илтэд хэрцгий, зохион байгуулалттай шинжтэй ийм үйлдлүүдийг илрүүлж, бодит хариуцлага тооцож чадахгүй бол малчдын бухимдал цаашид улам гүнзгийрэх нь тодорхой.

Моринд хайртай монгол хүүг морьдын бурхан ивээж, ирэх хавар ижил сүрэгт нь дахин нэг босоо хүлэг төрж, хурсан олныг цэнгүүлэх болтугай. Харин хотынхон бид үүнийг “бидэнд хамаагүй” гэж бодоод өнгөрөөх бус, ийм харгислал давтагдахгүй байхыг шаардаж, хуулийн байгууллагаас бодитой хариуцлага нэхэх ёстой.

Т.Уудам

СЭТГЭГДЭЛ Үлдээх