Цахим мэдээ
Нийгэм

Онгоцны буудалд хүн буудаж хөнөөсөн хэргийг нэмэлт мөрдөн шалгалтад буцаав

2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэргийг дахин шалгуулахаар болжээ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир удирдан явуулж, хэргийн материалд үндэслэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гаргасан байна.

Хэргийг анх Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгаж, Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдсэн байв.

Хэргийг БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин болон Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд тэд онгоцны буудалд хятад иргэдээс 1 сая юань шаардан, хүч хэрэглэж, нэгийг нь гэмтээн, нөгөөг нь буудаж хөнөөсөн юм.

Мөрдөн шалгах явцад тэд бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон. Прокуророос дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн:

  • 10.1-2.4, 10.1-2.11 (Бүлэглэн, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүний амь хөнөөсөн)
  • 13.3-2.2 (Хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан)
  • 17.6-1 (Эд хөрөнгө нэхэн хүч хэрэглэсэн)

зэрэг зүйл заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хэрэг дахин шалгагдахаар болсон байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх