Цахим мэдээ
Мэдээ

Сэлэнгийн ШШГГ-ын удирдлага хууль, журмаа зөрчсөнөөс хоригдогч оргов

Сэлэнгэ аймгийн төвд байрладаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байрнаас энэ сарын 6-ны ням гаргийн 18.00 цагийн үед М.Тамир гэх 28 настай яллагдагч орголоо.

Орон нутгийн цагдаагийн байгууллагаас тухайн оргодлын талаар зарлан мэдээлэхдээ “170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй” хэмээн тодотгосон байв. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдогч этгээд оргосон нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын удирдлага хууль, журмаа зөрчсөнөөс үүдэлтэй аж. Учир нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаар хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө, хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзах, хорих байрны дотоод журамд заасан хугацаагаар салхинд гарахын тулд л хоригдож буй өрөөнөөсөө гарахыг зөвшөөрдөг. Гэтэл барилгыг нь засварлах тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнд туслуулах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын удирдлага нь хууль, журмаа зөрчин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорих байр, өрөө, тасалгаанаас нь гаргаж ажиллуулах үед ийнхүү бага насны хүүхэд хүчиндсэн хэргийн яллагдагч оргосон байна. Өдгөө прокурорын байгууллага болон ШШГЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-т шалгалт хийж буй бол цагдаагийн байгууллагынхан яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх