Цахим мэдээ
Нийгэм

РЕДАКТОРЫН ҮГ: Туулын бургас “хурдны зам”-ын золиос болох ёстой юу?

Байгалийн эко систем нь хүний хэт төвлөрсөн барилга байгууламж, зам, дэд бүтцийн нөлөөн дор доройтож, анхдагч унаган төрхөө алдах эрсдэлд орж байна. Хотжилт, зам барилга нэрийн дор байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, ургамал амьтан, усны нөөц, хөрсний бүтцэд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Хэрэв энэ байдлыг зохистой төлөвлөлт, хяналтгүйгээр үргэлжлүүлбэл байгаль орчин нөхөн сэргэх боломжоо алдаж, ирээдүй хойч үедээ эрүүл, тэнцвэртэй орчныг үлдээхэд хүндрэл учрах болно.

    Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Туул голын эрэг дагуу бургас модыг үндсээр нь ухаж, хядаж буй бичлэг цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Голын татмын бүсэд хүнд машин механизм ажиллаж, байгалийн ургамалжилтыг ийнхүү устгаж буй нь зөвхөн нэгэн төслийн ажлын явц төдий бус, илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж эхэллээ. Энэхүү үйл ажиллагаа нь “Туулын хурдны зам” гэх нэртэй дэд бүтцийн төслийн хүрээнд явагдаж буй. Уг төсөл нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилготой хэмээн тайлбарлагддаг ч бодит үр нөлөө нь эргэлзээ дагуулсаар байна.

Экосистемийн үнээр “хөгжил” хийх үү? : Туул голын бургас нь зүгээр нэг мод биш. Энэ бүс бол... 

  • Голын эргийн элэгдлийг сааруулдаг

  • Усны экосистемийн тэнцвэрийг хадгалдаг

  • Шувуу, амьтдын амьдрах орчин болдог

    Ийм чухал үүрэгтэй байгалийн тогтолцоог богино хугацааны бүтээн байгуулалтын төлөө устгаж буй нь урт хугацаандаа илүү их хохирол дагуулах эрсдэлтэй. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бодитоор хийгдсэн эсэх, олон нийтэд ил тод танилцуулсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Гэвч үүнийг түгжрэлийн шийдэл гэж харсаар байх уу? 

Нийслэлийн авто замын түгжрэл бол бодит асуудал. Гэвч судлаачид зам нэмж барих нь урт хугацаандаа түгжрэлийг бууруулах бус, харин ч автомашины хэрэглээг нэмэгдүүлж, асуудлыг улам даамжруулдаг хандлагатайг олон улсын жишээгээр харуулсаар ирсэн. Тэгвэл Туулын эргийг дагуулсан хурдны зам нь үнэхээр түгжрэлийг шийдэх оновчтой шийдэл мөн үү, эсвэл зөвхөн түр зуурын “харагдахуйц” шийдэл үү гэдэг асуулт гарч ирж байна.

НАДАД ХАРДЛАГА БАЙНА ХАРИН НИЙСЛЭЛД ИЛ ТОД БАЙДАЛ БАЙНА УУ? 

Олон нийтийн дунд уг төслийг тойрсон өөр нэг ноцтой хардлага бий. Тодруулбал, их хэмжээний төсөвт өртөгтэй дэд бүтцийн төслүүд нь зарим тохиолдолд үр ашиг багатай хэрнээ санхүүгийн урсгалыг “шингээх” хэрэгсэл болж хувирдаг тухай шүүмжлэл гарсаар ирсэн.

Туулын хурдны замын хувьд:

  • Төслийн нийт өртөг хэд вэ?

  • Санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт хэр ил тод вэ?

  • Хараат бус аудит, хяналт хийгдэж байгаа юу?

гэсэн асуултуудад тодорхой хариулт нэхэж байна. Эдгээр асуултад хангалттай, ил тод мэдээлэл өгөөгүй нөхцөлд уг төслийг “үр ашиггүй бүтээн байгуулалт” төдийгүй цаашлаад “мөнгө угаалтын хэлбэр байж болзошгүй” гэх хардлага ч үүсэх нь аргагүй юм. Нөгөөтэйгүүр хотын хөгжил зайлшгүй. Гэвч хөгжил нэрийн дор байгаль орчноо нөхөн сэргээх боломжгүйгээр сүйтгэх нь зөв шийдэл биш. Ялангуяа нийслэлийн цөөхөн үлдсэн байгалийн бүсүүдийн нэг болох Туул голын орчимд хийж буй аливаа бүтээн байгуулалт олон нийтийн оролцоотой, шинжлэх ухаанд суурилсан, ил тод байх ёстой. 

Дэлхийн хотуудын бодит жишээн дээр тайлбарлах гээд үзье: 

      Туул гол дагуу баригдах хурдны зам нь тээврийн хэрэгслийн төвлөрлийг сааруулах төсөл болж чадах уу? Мэдээж үгүй. Товчоор хэлбэл энэ орчим хэт төвлөрлийн бүс биш төдийгүй дэлхийн олон хотын туршлагаас харахад хурдны зам барих нь түгжрэлийг бууруулах бус, харин ч урт хугацаандаа автомашины хэрэглээг нэмэгдүүлж, түгжрэлийг улам дордуулах хандлагатай байдаг.

  • Юуны өмнө “эрэлт өдөөх үзэгдэл” (induced demand) хэмээх ойлголтыг дурдах нь зүйтэй. Энэ нь замын багтаамжийг нэмэгдүүлэхэд эхэндээ хөдөлгөөний урсгал сайжирч байгаа мэт боловч удалгүй хүмүүс илүү их машин хэрэглэж, шинэ зам руу шилжин орж, эцэстээ дахин түгжрэл үүсдэг үзэгдэл юм. Энэхүү онолыг Induced Demand гэж нэрлэдэг бөгөөд орчин үеийн хот төлөвлөлтийн салбарт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн.
  • АНУ-ын Los Angeles хот нь үүний тод жишээ юм. Тус хот олон арван жилийн турш хурдны замаа өргөтгөж, дэлхийн хамгийн өргөн авто замуудыг байгуулсан ч өнөөдөр түгжрэл хамгийн ихтэй хотуудын нэг хэвээр байна. Зам нэмэгдэх тусам автомашины хэрэглээ өсөж, нийтийн тээврийн хэрэглээ буурсан нь асуудлыг улам хүндрүүлжээ.
  • Мөн Houston хотын “Katy Freeway” хурдны замыг 26 эгнээ хүртэл өргөтгөсөн ч хэдхэн жилийн дотор зорчих хугацаа улам уртассан судалгаа бий. Энэ нь замын багтаамжийг нэмэгдүүлэх нь урт хугацаанд үр дүнгүйг харуулсан бодит жишээ юм.

Сайн жишээ: 

  • Европын зарим хотууд эсрэг бодлого хэрэгжүүлж, илүү үр дүнд хүрсэн байдаг. Seoul хотод хуучин хурдны замыг буулгаж, Cheonggyecheon Stream голыг сэргээн тохижуулснаар авто замын ачаалал нэмэгдэх бус харин ч буурч, нийтийн тээвэр болон явган хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энэ нь байгальд ээлтэй шийдэл хотын хөдөлгөөнийг зохицуулахад илүү үр ашигтайг харуулж байна.

    Иймээс Туул гол дагуу хурдны зам барих нь богино хугацаанд тодорхой хэсэгт хөдөлгөөнийг тараах боломжтой ч урт хугацаандаа автомашины тоог өсгөж, түгжрэлийг бууруулах бодит шийдэл болж чадахгүй байх эрсдэлтэй. Үүнээс гадна голын экосистемд сөргөөр нөлөөлж, хотын ногоон байгууламж, усны тэнцвэрт байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй.

Түгжрэлийг бууруулах бодит шийдэл нь авто зам нэмэх бус харин нийтийн тээврийг хөгжүүлэх, дугуйн зам, явган хүний орчныг сайжруулах, төвлөрлийг сааруулах хот төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлэхэд оршдог. Тиймээс Туул голын эрэг дагуу баригдах замын төслийг зөвхөн дэд бүтцийн шийдэл гэж бус, урт хугацааны нийгэм, эдийн засаг, байгаль орчны үр дагавартай нь цогцоор нь авч үзэх шаардлагатай юм.

Өнөөдөр тавигдаж буй хамгийн чухал асуулт бол энгийн "Бид түгжрэлгүй хотыг хүсэхдээ, амьдрах орчноо золиослох ёстой юу?"

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин