Анимейшны зохиол, дүрүүд, дуу дүрслэл, чанар гээд бүхий л хэсэг нь яг одоо интернэт орчинд тренд болоод байна. Дуунууд нь хүмүүст ихээхэн таалагдаж, олон улсын хөгжмийн чарт болох Billboard-д жагсаж эхэлжээ.
Тухайлбал, "KPop Demon Hunters" уран зөгнөлт анимейшн киног дэлхий нийт "Netflix" дээр 14 хоногийн дотор 33 сая гаруй удаа үзжээ. "HUNTR/X" охидын к-поп хамтлагийнхан шөнөөр чөтгөрүүдтэй тулалдаж буй тухай уг анимейшн өгүүлдэг.
"HUNTR/X"-ын "Golden" дуу "Spotify" чартын хоёрдугаар байранд орж, "Blackpink"-ийг ардаа орхижээ. "Republic Records" уг дууг албан ёсны сингл хэлбэрээр гаргаж, хөгжмийн шагналуудад нэр дэвшүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн тус кинон дээр гардаг "Saja Boys" гэх к-поп хамтлагийн "Your Idol" дуу Баасан гаригт АНУ-ын "Spotify" чартыг тэргүүлжээ. Ингэснээр тэд к-попын орчин цагийн ноён оргилуудын нэг "BTS"-ын өмнө гишгэв. Тодруулбал, "Saja Boys" к-поп анимэ хамтлаг "Spotify"-ын түүхэн дэх хамгийн өндөр хандалттай эрэгтэй к-поп хамтлаг болжээ.
Зургаадугаар сарын 20-23-ны өдрүүд буюу цацагдсан эхний хэд хоногтоо тус анимейшны 12 дуу АНУ-д нийтдээ 13.3 сая хандалт авч байсан бол үүнээс хойш нэг долоо хоногийн дараа энэ тоо гурав дахин нэмэгдэж 42.8 сая болтлоо өсжээ. “Golden” болон “Your Idol” дуу хоёр одоогоор хамгийн онцлох бүтээлүүд болоод байгаа бөгөөд “Golden” дуу 7 сая стрийм авсан нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 272 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин “Your Idol” дуу 6.6 сая стрийм авч, 250 хувиар өсжээ.
Үүнээс гадна “What It Sounds Like”, “Free” зэрэг бусад дуунууд ч мөн адил анхны долоо хоногийнхоо стриймээс гурав дахин их үзүүлэлттэй болж, дуу татаж авах тоо ч мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Soundtrack нь нийтдээ зургаадугаар сарын 27-30-ны хооронд 7.000 гаруй хувь татагдаж, өмнөх дөрөв хоногтой харьцуулахад 44 хувиар өссөн бөгөөд хоёр дахь долоо хоногтоо дууны борлуулалт таван оронтой тоонд хүрч магадгүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх