Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Улсын нөөцийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд болон үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцсон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан илгээсэн мэндчилгээндээ “Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинэчлэн сайжруулах, улсын нөөцийн бэлэн байдлыг хангах асуудлыг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитикийн хурцадмал байдлын улмаас улс орны аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсон эгзэгтэй энэ цаг үед бид олон улсын чиг хандлагад нийцүүлэн нөөц бүрдүүлэлт, бэлтгэл бэлэн байдалд онцгой анхаарах, үүрэг гүйцэтгэх арга барил, техник хэрэгслээ шинэчлэх, үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх, илүү шуурхай, үр дүнтэй ажиллах нь бидний цаашдын нэн тэргүүний зорилт болж байна” хэмээн онцолсон байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Өнгөрсөн зууны дунд үе буюу тэртээ 1965 онд Монгол Улсын төрөөс улсын нөөцийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг анх гаргаж, улсын нөөцийн тогтолцоог бүрдүүлж эхэлснээс хойш нэгэн жарантай золгож байна. Түүхэн энэ хугацаанд энэ байгууллагын чиг үүрэг цаг үеийн онцлог, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагыг даган тасралтгүй хөгжиж, үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах стратегийн салшгүй бүрэлдэхүүн хэсгийн нэг болон хөгжиж ирлээ. Улсын нөөцийн байгууллага нь зуд, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи шуурга, цар тахал зэрэг төрөл бүрийн гамшгийн нөхцөл байдлын үед төдийгүй улс орны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо, 1990-ээд онд өрнөсөн нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед болон эдүгээ цагийн чөлөөт эдийн засаг, зах зээл гэсэн нийгэм, эдийн засгийн хувьслын бүхий л хугацаанд аливаа хямралыг гэтлэн давах, нийгэм, эдийн засгийг тэнцвэржүүлэхэд хэрэгцээт нөөцийг бүрдүүлэх, хүн амыг хүнс, бараа материалаар хангах, ахуй амьжиргааг нь тэтгэх үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ” гэлээ.
Байгалийн гамшиг, болзошгүй гэнэтийн аюул, нийгэм, эдийн засгийн хүндрэл зэрэг улс оронд нүүрлэсэн томоохон бэрхшээлийн үед хэрэглэгдэх нэн чухал шаардлагатай хүнсний бараа, таримал ургамлын үр, хүнсний буудай, өвс тэжээл, үйлдвэрлэл-техникийн бараа, материал, машин механизм, хүн малын эм хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган, шаардлагатай үед нэн хэрэгцээтэй бараа, материалаар түргэн шуурхай хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна
СЭТГЭГДЭЛ Үлдээх