Цахим мэдээ
Мэдээ

Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа. Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчиллээ. Ингэхдээ талбайн төв хэсэгт монголчуудын эрт үеэсээ хэрэглэж ирсэн хүний амьдралын ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн, өлмий бат оршихуйн бэлгэдэл алхан хээг тойруулан урлаж, түүний дотор талд өсөн дэвжин мандан бадрахын бэлгэдэл зоосон хээг урлажээ. Энэ хэсэгт цам харайх бүжиг хийдэг байхаар төлөвлөжээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.

Гандантэгчэнлин хийдийн урд талбай нь анх бетон, явган замын хэлбэржүүлсэн өнгөт хавтан зэрэг олон төрлийн хучилттай, шороогоороо талбай ч байсан. Талбайн төв хэсгээрээ хавтангууд хуурч, эвдэрсэн. Мөн тавцангийн шат стандарт бус, гишгүүр эвдэрсэн, зүлэгжүүлэлтийн бетон хашлаганы өнгөлгөөний хавтан хуурсан. Түшиц ханын эко хавтан түр байдлаар хийгдсэн. Хийдийн хойд талын явган зам талбайг хэлбэржүүлсэн өнгөт хавтангаар хучсан бөгөөд эвдэрч хагарсан. Нийт талбайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, олон жилийн настай байгалийн чулуун хавтангаар 8400 ам.метр төв талбайг бүхэлд нь шинэчилж, тохижилт хийлээ. Монголын шашин, соёлын төв Гандантэгчэнлин хийдийн тохижилтыг сайжруулснаар иргэдийн зорчих ая тухтай нөхцөл бүрдээд зогсохгүй гадаадын аялагч, жуулчдыг татахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх