Цахим мэдээ
Мэдээ

ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: ”Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.09/ 11:30 цагийн байдлаар нийт 12 түймэртэй байгаагаас 5 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, 7 түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 300 гаруй алба хаагч, орон нутгийн мэргэжлийн ангийн 80 гаруй хүн үүрэг гүйцэтгэж байна. Он гарсаар 170 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6 орчим хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: “Улсын хэмжээнд долдугаар сарын 09-ний байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсаны найм нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 27.6 хувь, амь насаа алдсан хүний тоо 32.5 хувиар тус тус буурсан хэдий ч  өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 5 хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа ииргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн даргацагдаагийн хурандаа З.Хүрэлбагана “Он гарсаар долдугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71, зөрчлийн шинжтэй 5 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 12 гомдол мэдээлэлд  хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 5 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 4 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эдгээр 4 гомдол, мэдээлэл нь эзэнгүй буюу цаг агаарын хуурайшил ихтэй газар аянга бууж гал гарсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоон ажиллаж байна. Нийт бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувийг ил задгай гал, асгасан үнс, нурам, тамхи, чүдэнз, автомашин техник хэрэгслийн яндан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн нөхцөл байдал тогтоогдсон” хэмээлээ. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг  “Баяр, наадмын амралтын өдрүүдээр буюу 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр , 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,  15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Мөн ихэнх нутгаар дулаан байх тул  наршилт, гэнэтийн аадар бороо орох үзэгдлүүд тохионо. Тиймээс ард, иргэд та бүхнийг тухай бүрт цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авахыг зөвлөж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх