УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод тусгасан “Шинэ тойрог зам буюу нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2025 онд авах 260 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Сангийн яаманд ирүүлжээ.
Хотын дарга Х.Нямбаатар Тойрог замын нийт урт 24.7 км. Үүнээс гүүрэн байгууламж 9 км, туннелиэр 2 км, авто зам 14.8 км үргэлжилнэ. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 580 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автомашины 30 орчим хувь нь тойрог хурдны замаар дайран өнгөрнө гэж тооцоо бодсон. Өөрөөр хэлбэл, өдөрт 180 орчим мянган тээврийн хэрэгсэл тойрог болон Туулын хурдны замаар зорчино. Өдөрт хэдэн ч удаа орж гарсан 5000 төгрөгийн төлбөртэй байна, ингээд 10 жилийн дотор замын өртгийг нөхнө гэж тооцоолсон.
Улаанбаатар хотод сарын дундаж цалин 2.2 сая төгрөг байна. Нэг цагийн дундаж цалин 13,000 төгрөг. Түгжрэлд зарцуулж байгаа цагийг 50 хувиар буюу 6500 төгрөгөөр үржүүлдэг. Тэгэхээр хүн нэг жилд дунджаар 30 хоног буюу нэг сарыг зарцуулж байна гэсэн тооцоо бий. Үүнийг 6500 төгрөгөөр үржүүлбэл түгжрэлийн өртөг маш өндөр гарч байгаа. Аюултай ачааг Туулын болон тойрог замаар Улаанбаатар хотоос баруунаас зүүн тийш, хойноос урагш гаргах зохицуулалт хийхээр төлөвлөсөн” гэв.
Сангийн яам 260 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг судлан Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох эрсдэлийн үнэлгээг боловсруулан Үндэсний аудитын газраар хөндлөнгийн аудит хийлгэн дүгнэлт гаргуулжээ. Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудыг бүрэн хангаж байгаа боловч эрсдэлийн үнэлгээнд төсвийн санхүүжилтийн эх үүсвэр эцэслэн батлагдаагүй, төслийн орлогыг тооцохдоо хөдөлгөөний эрчмийг өөдрөгөөр төсөөлсөн байх магадлалтай тул эрсдэлийн түвшнийг дундаж гэж үнэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх