Газын зурвас дахь эмнэлгүүд түлшний хомсдолоос болоод амин чухал үйлчилгээнүүдээ зогсоож, өвчтөнүүдийн амь нас эрсдэлд ороод байна. Дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг олноор нь нэг инкубаторт хийж бойжуулж байгааг эмч нар мэдэглээ.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдэл хийхдээ "Газын зурвас дахь шатахууны хямрал эгзэгтэй цаг үе дээрээ ирээд байна. Бэлэн байгаа багахан нөөц хомсдож байна. Түргэн тусламжийн машинууд зогссон. Усан хангамжийн систем сүйрлийн ирмэгт ирлээ. Израилийн эрх баригчид үүнийг яаралтай шийдэхгүй бол нас баралтын тоо удахгүй огцом нэмэгдэхээр байна" гэсэн юм.
Газын өмнөд хэсэгт байрлах Аль-Ахли эмнэлгийн захирал шинэ төрсөн нярайг өөр эмнэлгийн инкубаторт шилжүүлсэн зургийг Лхагва гаригт хуваалцжээ. "Бүслэлт дутуу төрсөн нярай хүүхдүүдийн байнгын асаргаа сувилгааг үхэл, тэмцэл болгон хувиргасан. Бөмбөг, бүслэлтээс болж амьдрал, үхэл нь шийдэгддэг дэлхийд хүүхэд төрөх ёсгүй" гэжээ.
Харин Газын хойд хэсэгт байрлах Аль-Шифа эмнэлэг эрчимт эмчилгээ, мэс заслын тасагт анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бөөрний диализийн хэсгүүдийг хаахаас өөр аргагүй болжээ. "Аль-Шифа эмнэлэгт түлш нэн яаралтай нийлүүлэхгүй бол ойрын гурван цагийн дотор эмнэлэг ажиллахгүй болж, олон хүн нас барна" гэж эмнэлгийнхэн мэдэгдэв.
Өөр нэг байгууламж болох Нассерын эрүүл мэндийн цогцолборт 24 цагийн түлш үлдсэн бөгөөд амаржих, эрчимт эмчилгээ зэрэг чухал тасагт анхаарлаа хандуулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх