Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих Нэгдүгээр шинэ тойрог замын төсөл нэг км нь 37 сая ам.долларын өртөгтэй, нийт 918 сая ам.долларын үнэлгээтэй байхаар төлөвлөжээ. Санхүүжилтэд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Төслийн өртгийн талаар зарим УИХ-ын гишүүн хэт өндөр хэмээн шүүмжилж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөв. Тэрээр “2022-2024 онд ашиглалтад орсон Наадамчдын гүүр 480 метр урттай бөгөөд нийт 78 тэрбум төгрөгийн өртөгтэй байжээ. Энэ нь 1 км замыг 43 сая ам.доллароор барьсан гэсэн үг. Зайсангийн гүүрний хоёр эгнээг 41 тэрбум төгрөгөөр, Олимпын гүүрийг 6 эгнээтэйгээр 52 сая ам.долларын өртөгтэйгөөр барьж байсан. Тэгвэл шинэ тойрог замын 1 км нь 37 сая ам.доллар байгаа нь дээрх жишээнүүдээс доогуур өртөгтэй” төсөвлөгдсөн гэлээ. Нэгдүгээр шинэ тойрог зам нь 24.7 км урт, үндсэн 6 эгнээтэй, зарим хэсэгтээ нэмэлт 4 туслах эгнээтэй байх бөгөөд гүүр, туннел, далангийн бүтээн байгуулалтуудыг багтаасан байна.
Төслийн ТЭЗҮ-г АНУ болон БНХАУ-ын хамтарсан “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, бүх холбогдох байгууллагаар хянуулсан бөгөөд 2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй олон улсын нээлттэй тендер зарлаж, есдүгээр сард шалгаруулалт хийж, 2026 оны хавар барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Санхүүжилтийн бүтцийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК гаргаж 85 хувийг гүйцэтгэгч тал буюу олон улсын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлнэ. Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар уг авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, өдөрт 183 мянган автомашин зорчих боломжтой ажээ. Харин Туулын хурдны замтай хамт ашиглалтад орвол түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах тооцоо гарсан байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх