Өнөөдөр /2025.07.10/ “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор цэргийн ёслолын жагсаалаар Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.
Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залсны дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд цэргийн ёслолын жагсаал эхлэхэд бэлэн болсон тухай илтгэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод хандаж үг хэллээ.

Тэр бээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон “Төрийн далбааны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүллээ.
Туурга тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл, монгол түмний баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх эх оронч үзэл, үндэсний бахархлыг ард иргэд, залуу үедээ төлөвшүүлэхэд энэ ёслолын утга учир оршдогийг хэлэв.
Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангах, өв соёл, түүх уламжлал, ёс заншлаа дэлхий дахинд сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хэмжээний ёслол болсныг тэмдэглэлээ.
Мөн ёслолын жагсаалд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад амжилт хүсэж, ард түмэн, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагч нарт талархал илэрхийллээ.
Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 23 салбар, түүний дотор Москва хотноо болсон Ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд улсаа төлөөлөн оролцсон цэрэг эрс, Төрийн хүндэт харуулын дайчид, 2 морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжмийн гээд нийт 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан явснаар “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаал өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ Үлдээх