ЦХИХХЯ иргэдийн гомдлыг шийдсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулахаар Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна.
Учир нь төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд буй мэдээллийг төрийн дараагийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байгаа юм. Иймд төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй асуудлыг шийдэх уулзалтыг энэ сарын 22-нд зохион байгуулна. Тухайлбал, иргэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг хална” гэдгийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ онцлов.
Тус төв иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн стандартад оруулах, тайлан боловсруулахад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологийг ашиглах тухай хөндлөө. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Шинэ технологи нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаж ажиллаж байна” гэв.
“И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдол олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больдгийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг”-ийг учирлав
СЭТГЭГДЭЛ Үлдээх