Цахим мэдээ
Тойм

СӨРӨГ УРСГАЛ: Битүү шөл идээгүй бол хатуу хариуцлага тооцъё

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Улс тунхагласны баярыг тохиолдуулан урамтай сайхан уриалга гаргалаа. Айл өрх бүр амт шимттэй битүү шөл хийж ид гэсэн албан даалгавар өглөө. Ашгүй ингэж эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр ямар хоол хийхээ ядах юмгүй шийдэх боломжтой боллоо.

Яагаад гэвэл иргэд бид чинь ямар нэг баяр болоход юу хийж идэхээ ч мэдэхгүй мөн ч зовдог байлаа шүү дээ.

За яахав, наадмаар бол хуушуур хорхог эргүүлээд, цагаан сараар бууз ууц гэсхийгээд аргалчихна. Харин Улс тунхагласны баяраар учраа олохгүй уймарч гүйцэхийг яана.

Харин ашгүй төр засаг минь ингэж нэг баярын хоолны сонголтыг бүх нийтэд тунхаглаж өгөх гэж. Бүр баярлаад ханашгүй гээч.

Ер нь бид төр засгаасаа л заавар чиглэл авахгүй бол хоолоо хийж, хогоо ч цэвэрлэж чаддаггүй нь үнэн шүү дээ. Яагаав, нөгөө “Хорооноос гэр өгвөл...” гэдгийг санаж байгаа биз дээ. Яг л түүн шиг хороо хорин, сум дүүрэг, аймаг нийслэл гээд бүх шатны засаг захиргаанаас иргэдээ яаж амьдрахыг яруу тодоор зааж өгч баймаар байна. Зөвхөн зааж чиглүүлээд зогсохгүй төрийн үүрэг даалгаврыг зөрчвөл хатуухан хариуцлага тооцдог болох нь чухал.

Тиймээс баярын үдэш айл бүрийн гал тогоог шалгаж, дээрээс лүндэн буулгасан “Битүү шөл”-ийг хийж байгаа эсэхийг нарийн чанд шалгах хэрэгтэй. Ингээд төрийн даалгаврыг тэрсэж, өөр хоол хийсэн айл байвал өндөрхөн шиг торгоод авах хэрэгтэй.

Ямар шалтгаантай байх нь ер хамаагүй. Ядуу зүдүү байсан ч яаж ийгээд битүү шөл уу гэсэн бол уух л ёстой. Үүнд төр засаг ямар ч буруугүй. Жишээ нь, төрийн буюу гэрийн даалгавар биелүүлээгүй хүүхдүүдэд муу дүн тавих хэрэгтэй. Ингэж байж ирээдүйн иргэд маань хариуцлагатай болно гэдгийг санаарай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх