Цахим мэдээ
Хэн

Ньюсрүүм сайтын сэтгүүлч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номинг АТГ-т өгч, тайлбар нэхэв

      2025 оны 11 сарын 11. Улаанбаатар — Newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг өнөөдөр Соёлын сайд асан Ч.Номинг Авлигатай тэмцэх газарт (АТГ) албан ёсоор шалгуулах хүсэлт гаргажээ. Тэрбээр Ч.Номин сайдаар ажиллаж байх хугацаандаа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн соёлын салбарын төсвийн зарцуулалтад зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Сэтгүүлчийн мэдээлснээр, 2023–2024 онд Соёлын яамнаас хэрэгжүүлсэн зарим төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн гүйцэтгэлд тодорхой зөрүү илэрсэн байж болзошгүй тухай тайлбар авах оролдлогоо тэр удаа дараа хийсэн боловч сайд асан Ч.Номин хариу өгөхөөс татгалзаж, улмаар тус сэтгүүлчийг "төрийн ордноос хөөлгөх" хүртэл арга хэмжээ авч байсан. 

“Би олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг төрийн албан тушаалтнаас соёлын салбарын хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаар тодруулах гэж оролдсон. Гэвч хариу өгөхөөс татгалзсан тул албан ёсоор АТГ-т хандахаас өөр аргагүйд хүрлээ” гэж сэтгүүлч Б.Батцэцэг хэлэв.

Түүний гаргасан өргөдөлд Ч.Номин сайдын бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн соёлын арга хэмжээ, уралдаан, гадаад томилолт, төсвийн зарцуулалтын талаар нарийвчилсан шалгалт хийхийг хүссэн байна. АТГ-аас одоогоор уг өргөдөлтэй холбоотой албан мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд хэрэв шалгалт эхэлбэл соёлын салбарын төсвийн ил тод байдал, хариуцлагын асуудлыг дахин анхааралд авчирах юм. Соёлын сайд асан Ч.Номин өмнө нь ч сэтгүүлчдийн асуултад хязгаарлалт тавьсан, мэдээлэл өгөхөөс татгалзсан гэх шүүмжлэлд өртөж байсан. Гэвч тэрбээр тухайн үед “бодлогын түвшинд авч буй арга хэмжээ, төсвийн асуудал ил тод” гэж мэдэгдэж байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх