Цахим мэдээ
Хаана

Хууль бусаар ашигт малтмал олборловол 1-5 жил хүртэл хорих ял шийтгэнэ

    Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн илрүүлэлт, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн байгууллага идэвхтэй хяналт шалгалт явуулж байна. Энэ оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумдын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй 6 болон зөрчлийн 2 үйлдлийг илрүүлжээ. Уулнаас нуугдан байрлуулсан экскаватор 20, ковш 3, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл 3-ыг олж тогтоон татан авч, Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагад бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл газрын хэвлийд хууль бусаар халдсан этгээдийг 5.4 саяас 27 сая төгрөгөөр торгох, мөн 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болохоор заасан байна.

Иргэдийг байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхийг уриалж байна. Мэдээллийг 102 дугаарын утас болон 70191070 тусгай дугаарт өгөх боломжтой бөгөөд Цагдаагийн байгууллага иргэдтэй хамтран ажиллахыг хүсье.

Байгаль орчныг хамгаалцгаая! Хууль бусаар ашигт малтмал олборлолт хийдэггүй байя.

СЭТГЭГДЭЛ Үлдээх