Цахим мэдээ
Хэн

Онцгой байдлын хурандаа албаны машиндаа мансууран үйлдэл дээрээ баригдсан гэв үү

       Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, өнгөрсөн есдүгээр сард хурандаа цол хүртсэн М.Пүрэвжавыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанд шалгаж байна. “Мон та реп” хамтлагийн дуучин асан тэрбээр онцгой байдлын байгууллагад ажилд орж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн туслах зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Тухайн үедээ ч бас мансууруулах бодистой холбоотой үйлдэлд шалгуулсан ч тэгсхийгээд намжсан юм. Түүнээс хойш багагүй хугацааны дараа цэргийн мэргэжилгүй атлаа Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга болж, өнгөрсөн намар ЗХЖШ-ын даргын тушаалаар дээрх цолыг хүртсэн байдаг. Гэтэл хурандаа М.Пүрэвжав өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр албаны хувцастай, албаны машинтай явж байхдаа мансууруулах бодис олж авч хэрэглэж байгаад баригдсаныг олон эх сурвалж батлав. Түүнийг үйлдэл дээр нь саатуулснаас гадна албаных нь автомашиныг ч журамласан гэх. Үүнийг ОБЕГ-ынхан ихэд нууцалж буй бөгөөд хошууч генерал Г.Ариунбуян туслах байсан хүнээ ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа “Эрүүл мэндийн шалтгаанаар” хэмээн үндэслэлээ дурдсан аж. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дунд мансууруулах бодист донтсон нэг бус хүн ажиллаж байсны илрэл нь дээрх хурандаа. Үүнээс өмнө гал унтраах автомашины жолооч мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ ухрааж байгаад нэг алба хаагчаа дайрч амийг нь хохироож байв. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа Л.Баярсайхан болон нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч Э.Отгонтуяа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаахдаа “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус ашиглалттай холбогдсон гэмт хэргийн шинж бий, эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоох ёстой” гэж үзсэн.  Үүнээс гадна ОБЕГ-аас албан тушаалтнууд орон нутгийн анги, байгууллагад шалгалт хийж яваа. Энэ шалгалтын нэг ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймагт ажиллаад буцах үед нь тус аймгийн Онцгой байдлын газрын удирдлага үдэж өгөхөөр яваад осолджээ. Ослын улмаас жолооч нь нэлээд хүнд гэмтэж, ОБЕГ-аас нисдэг тэрэг гарган нийслэлд авчран эмчлүүлж буй гэнэ. Хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 21-нд Баянхонгор аймагт ОБЕГ-ын харьяа анги, байгууллагын алба хаагчдын дунд спортын олон төрөлт тэмцээнд оролцох хүмүүсийг суулгаж явсан автобус гүүрний хашлага мөргөж нэг офицер хүнд гэмтсэн билээ. Онцгой байдлын салбарт дээр дурдсан эмх замбараагүй явдал гарсаар байхад ах, дүүсээрээ дамжуулан удирдсан Шадар сайд нь ус балгасан мэт дуугүй өнгөрсөөр байсан. Өдгөө шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуяг нь энэ мэтийг шуурхай цэгцэлж, арга хэмжээ авч чадах, эсэхийг харах л үлдлээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх