Есөнзүйл сумын Орон нутаг судлах танхимд 2018 онд “Бурхан бумбын орон” уран зургийн галарей байгуулж, орчин үеийн музейн үзүүллэг дэглэлт, интерьерийг хийсэн нь сумдаас улсын хэмжээнд анхдагч болж байв.

Нутгийн уугуул зураач, “Бест арт” галерейн захирал С.Чулуунбаатарын дэмжлэгээр байгуулсан хоёр танхим бүхий тус галерейд Өвөрхангай аймгаар овоглодог Ардын зураач А.Сэнгэцохио, МУЭ-ийн шагналт зураач М.Лхагвадорж, О.Дамдиндорж, З.Доржжанцан гэхчлэн олон уран бүтээлчийн бүтээлүүд бий.

Мөн Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн шагналт зураач Н.Оросоо, Б.Насанцэнгэл зэрэг зураачид үе үеийн шилдэг яруу найрагчдын 40 гаруй хөргийг зотон даавуу, тосон будгаар урлан бүтээсэн байдаг.

Тэрчлэн энд нутгийн ард түмний эд хэрэглэл, түүх дурсгалын зүйлс, ялангуяа Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг “Мандаа толгой”-н орчмоос олдсон сүм хийдийн олдворуудыг сан хөмрөгтөө бүртгэн хадгалжээ.

Есөнзүйл сумын Соёлын төв, ОНСТ-д 2020, 2021 онд “Zanabazar art festival” наадмыг зохион байгуулж, олон улсын эрдэмтэд оролцсон эрдэм шинжилгээний хурлыг хийж байв.