Цахим мэдээ
Юу

ХҮНД СУРТЛЫН ХҮНД ДАРАМТ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

    Монгол Улсад дээр дооргүй, хөл толгойгүй хүнд суртал газар авсныг үгүйсгэх аргагүй. Ялангуяа “төрийн” гэх тодотголтой байгууллагуудаар бичиг баримт хөөцөлдөнө гэдэг нь иргэдийн хувьд туйлын ярвигтай, тэвчээр шалгасан ажил болж хувирсаар удаж байна. Төрийн ч бай, хувийн хэвшлийн ч бай ажилтай хүн ажлынхаа хажуугаар ийм ажил амжуулна гэдэг бараг үлгэр мэт сонсогдоно.

Монголчууд угаасаа бичиг цаастайгаа “зууралдаж” ирсэн ард түмэн. Гэвч дэлхий нийт цахим шилжилтийг аль хэдийн хийж, олон үйлчилгээгээ хялбаршуулсан энэ үед бид “цахим Монгол” болно хэмээн томоор ярих атлаа бодит байдал дээр цааснаасаа салж чадалгүй өнөөг хүрлээ. Нэг ажил хөөцөлдөхийн тулд нэлээд олон бичиг баримт бүрдүүлэхээс гадна нэжгээд хүний “гар цайлгах” нь энгийн үзэгдэл мэт хэвшсэн нь нууц биш.Хамгийн инээдэмтэй нь, хүнд суртал өнөөдөр шинээр бий болсон мэт аяглаж, гэнэт л “мэдэн будилж”, “сонор авч” эхэлж буй дүр зураг юм. Хэвтрийн хүнээр л хүнд суртлын асуудлыг ойлгосон мэт аашлах энэ байдал нийгмээрээ харахад эмгэнэлтэй хэрнээ инээд хүргэм.Төрийн үйлчилгээ иргэндээ ойр, хялбар, чирэгдэлгүй байх ёстой атал бид өнөөдрийг хүртэл бичиг цаас, гарын үсэг, тамга тэмдгийн дунд төөрсөөр байна. Үнэхээр л нэг мөр цахимжиж, ил тод, авлигагүй, хүнд сурталгүй тогтолцоонд хэзээ шилжих вэ гэдэг асуулт иргэн бүрийн толгойд байна.

Хүнд суртлыг ганц хоёр уриа, богино хугацааны аян кампанит ажлаар арилгах боломжгүй. Үүний тулд бодит реформ, системийн өөрчлөлт, хамгийн гол нь иргэнийг чирэгдэлгүй үйлчлэх төрийн сэтгэлгээ л хэрэгтэй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх