Цахим мэдээ
Нийгэм

Насны эцэст баталгаа биш, өрийн эхлэл болсон тэтгэвэр...

    Хүн хөдөлмөрийнхөө насанд хөлс хүчээ дуслуулан байж төлдөг нийгмийн даатгал бол ирээдүйнхээ амьдралыг баталгаажуулах итгэл юм. Гэтэл Монгол Улсад 20, 30 жил нийгмийн даатгал төлсөн иргэний тэтгэвэр өнөөдөр амьдралын баталгаа байж чадахгүйд хүрлээ. Насны эцэст тайван, санаа зовнилгүй амьдрах ёстой ахмадууд маань өнөөдөр цай, хоолныхоо мөнгийг хүргэхийн төлөө зээлд баригдан, өрийн дарамтад оршиж байна.

Өнөөдрийн бодит байдал энгийн нэг жишээгээр харагдана. Насаараа ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн иргэн тэтгэвэртээ гармагц банкны үүд сахина. Учир нь сар бүр авдаг тэтгэвэр нь амьжиргааны наад захын хэрэгцээг ч хангахгүй. Ингээд ахмадууд тэтгэврийн зээл авч, зээлийн хүү нэртэй “татварыг” банк хэмээх боловсон дээрэмд өгсөөр амь зуудаг тогтолцоо бий болжээ.

Энэ бол хувь хүний буруу сонголтын үр дагавар бус, бодлогын ноцтой алдаа юм. Нийгмийн даатгалын тогтолцоо нь иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилж, насны эцэст амьдрах боломж олгох ёстой атал өнөөдөр эсрэгээрээ ядуурлын нэг шалтгаан болж хувирсан байна. Ахмад настнуудын тэтгэвэр инфляцын өсөлтийг гүйцэхгүй, бодит худалдан авах чадвар нь жил ирэх тусам буурсаар байна.

Монголын нийгэмд амьдрахад хамгийн хүндрэлтэй бүлэг бол өнөөдөр ахмадууд болжээ. Эм, эмчилгээ, дулаан, хоол хүнс, байр, нийтийн үйлчилгээний зардал өссөөр байхад тэтгэврийн хэмжээ бодит амьдралаас улам холдсоор. Үүний эцэст ахмадууд “илүү тансаг амьдрал” биш, ердөө л амьдрах боломж шаардаж гудамжинд гарч, тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж байна.

Тэтгэвэр нэмэх асуудлыг дан ганц “төсөвт ачаалал үүсгэнэ” гэж харж болохгүй. Энэ бол нийгмийн шударга ёсны асуудал. Улсын хөгжилд насан турш хөдөлмөрөө зориулсан хүмүүс насны эцэстээ ядуу амьдрах ёсгүй. Хэрэв нийгмийн даатгал амласан үүргээ биелүүлж чадахгүй бол иргэдийн төрд итгэх итгэл ч мөн адил нурна.

Өнөөдөр бид ахмадуудынхаа асуудлыг хойш нь түлхсээр байвал маргааш энэ асуудал бидний өөрсдийн өмнө тулж ирнэ. Нийгмийн даатгал бол ирээдүйн бидний амьдралын зураг. Тэр зураг ядуурал, өр зээлээр дүүрэн байвал Монголын нийгэмд “хөгжил” гэх үг утгаа алдана.

Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж байгаа нь хэт их шунал бус, амьдралын зайлшгүй хэрэгцээ юм. Тэд тансаглал биш, тайван насжилтыг хүсэж байна. Харин төр энэ дуу хоолойг сонсохгүй өнгөрвөл нийгмийн баталгаа нэртэй тогтолцоо маань иргэдийн итгэлийг бүр мөсөн алдах өдөр ойртсоор байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх