Цахим мэдээ
Нийгэм

Аюулгүй амьдрах чадваргүй БОЛОВСРОЛ уу?

    Боловсролтой хүн гэж хэн бэ? Зөвхөн тоо бодож, ном уншиж чаддаг нэгэн үү, эсвэл өөрийн болон бусдын амь насыг хамгаалж, аюул эрсдэлтэй нөхцөлд зөв шийдвэр гаргаж чаддаг иргэн үү? Хэрэв боловсролын тогтолцоо амьдралтай уялдаагүй, бодит эрсдэлд бэлтгэхгүй байвал “боловсролтой” гэх нэр томьёо өөрөө утгаа алдах аюултай.

Өнөөдөр манай боловсролын систем хүүхдүүдийг шалгалт, дүн, оноонд бэлтгэхэд илүү анхаардаг атлаа гал түймэр, газар хөдлөлт, үер, осол гэмтэл зэрэг бодит аюулын үед яах вэ гэдэг хамгийн суурь асуултад хариулж чаддаггүй хэвээр байна. Хичээлдээ онц сурдаг, олимпиадын медальтай хүүхэд аюул тулгарахад сандарч, өөрийгөө хамгаалж чадахгүй бол тэр мэдлэг амьдралд хэр үнэ цэнтэй вэ?

Гадаадын туршлага: АМЬДРАХ ЧАДВАР БОЛ БОЛОВСРОЛЫН СУУРЬ...

   Хөгжилтэй орнуудын олон сургуульд унших, бичих, тоо бодохын зэрэгцээ аюулгүй амьдрах чадвар заадаг. Галын дохио дуугарахад хэрхэн нүүлгэн шилжих, газар хөдлөлтийн үед хаана нуугдах, анхны тусламжийг яаж үзүүлэх, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг нь сургалтын хөтөлбөрийн салшгүй хэсэг. Эдгээр нь нэмэлт дугуйлан бус, иргэн болж төлөвших үндсэн чадвар гэж тооцогддог.

Монголын бодит байдал: БАЙГАА МЭТ БОЛОВЧ БАЙХГҮЙ ХИЧЭЭЛҮҮД...

Манайд “иргэний боловсрол”, “хүн ба орчин” гэх мэт нэртэй хичээлүүд хөтөлбөрт орсон ч бодит агуулга, дадлага дутмаг. Зарим багш өөрсдөө аюулгүй байдлын талаар хангалттай мэдлэггүй тул хичээл нь онолын, формаль түвшинд үлддэг. Их, дээд сургуульд ганц кредитийн “гамшгийн менежмент” хичээл ордог ч бодит байдал дээр ослын баг зүүгээд л дүн авдаг нь нууц биш. Үр дүнд нь гал гарахад яах, олноороо цугласан үед хэрхэн аюулгүй гарах, ослын үед хэнд, яаж туслах вэ гэдгийг мэдэхгүй төгсөгчид нийгэмд олноороо гарч байна.

БИД БЭЛЭН БИШ БАЙСААР БАЙХ УУ БЭЛЭН БОЛОХ ОО ХҮЛЭЭХ ҮҮ...

Сүүлийн жилүүдэд гарсан гал түймэр, осол, гамшгийн үеэр аврагчид бусдын амийг аврахын төлөө өөрсдөө амиа эрсдэлд оруулж байна. Гэтэл иргэд өөрсдөө анхан шатны мэдлэг, дадалтай байсан бол олон эрсдэлийг бууруулах боломжтой. Бид аюулд бэлэн биш байсаар байвал аврагчид бидний өмнөөс амиа өгсөөр л байх болно. Аюул эрсдэлд самбаачлах чадвар дутмаг байвал амь нас минь хэзээд л дээсэн дөрөөн дээр байна. Энэ бол хувь хүний асуудал биш, төрийн бодлого, боловсролын тогтолцооны алдаа.

Шийдэл: “Амиа хамгаалдаг иргэн”-ийг бэлтгэх боловсрол

Боловсролын бодлого дараах асуултад бодит хариулт өгөх цаг болсон:

  • Сурагч бүр гал, гамшиг, ослын үед өөрийгөө хамгаалж чадах уу?

  • Сургууль бүр бодит дадлагад суурилсан аюулгүй байдлын сургалттай юу?

  • Багш нар энэ чиглэлийн мэдлэг, ур чадвараа тогтмол шинэчилж байна уу?

Аюулгүй амьдрах чадварыг заадаг, дадлагажуулдаг бие даасан хичээл бүх шатны боловсролд хэрэгтэй. Энэ нь зөвхөн амь насыг аврах төдийгүй хариуцлагатай, ухамсартай иргэнийг төлөвшүүлэх суурь болно.

ЭЦЭСТ НЬ:

Мянга сайн тоо бодож, өндөр оноо авч байсан ч аюулын үед амиа хамгаалж чадахгүй бол тэр боловсролын үнэ цэнэ юу вэ? Амьдралтай хичээл заадаг, аюул эрсдэлд бэлэн иргэн бэлтгэдэг тогтолцоо л жинхэнэ утгаараа боловсрол юм. 

Боловсролын салбарын бодлого тодорхойлогчид “юу заах вэ” гэдгээс гадна “юунд бэлтгэх вэ” гэдгийг дахин бодох цаг иржээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх