Цахим мэдээ
Хэн

Өршөөл үү, төрийн сулрал уу?

  Эх орноосоо урвасан хэргээр ял эдэлж байсан ч Ерөнхийлөгчийн уучилал суллагдсан яруу найрагч Цоодолын Хулан цагаачлах хүсэлт гаргасан тухай мэдээлэл олон нийтийг цочроолоо. Энэ бол ганц хүний шийдвэр бус, төрийн ёс зүй, хариуцлага, үндэсний аюулгүй байдлын талаарх зарчмын асуултыг дахин сөхөж буй явдал юм.

2023 оны нэгдүгээр сард Цоодолын Хуланг Тагнуулын ерөнхий газраас хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр 9 жилийн хорих ял оноосон. Улмаар Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлж, түүнийг сулласан билээ.

Эндээс хамгийн том асуулт урган гарна. Эх орноосоо урвасан хэргийг уучилна гэдэг нь жинхэнэ өршөөл үү, эсвэл төрийн сул дорой байдлын илрэл үү? Урвалт бол уурын алдаа ч биш, айдсаас үүдсэн гэнэтийн үйлдэл ч биш. Энэ бол тооцоотой, ухамсартай сонголт. Ийм сонголт хийсэн хүнд уучлал ногдох ёс бий юу? Урвасан хүнийг өршөөх тусам урвалт давтагддаг. Энэ бол хатуу үг биш, харин түүхийн гашуун сургамж. Түүх уучилдаггүй. Эх орон мартдаггүй. Төр өөрөө зарчмаасаа ухрах бүртээ ирээдүйн урвалтад хаалгаа нээж өгдөг.

    Бүр ноцтой нь, ийм уучлал хүртсэн хүн эх орондоо үлдэж, ёс зүйн хариуцлагаа үүрэхийн оронд харийн орныг зорих хүсэлт гаргасан явдал юм. Эх орон нь цээжинд нь багтана гэж итгэж байсан олон хүний найдвар дээр ийнхүү нулимж буйтай агаар нэг харагдаж байна.

Яруу найрагчдын дундаа эх орон, түүх, хөрс шорооны тухай хамгийн их шүлэг тэрлэдэг хэмээн үнэлэгддэг түүний бодит сонголт шүлгийн мөрөөсөө тэс өөр байв. Хэрэв үнэхээр эх орон зүрх, тархинд нь багтдаг байсан бол урвалын хэрэгт нэр холбогдох ч үгүй, өршөөл хүртсэнийхээ дараа эх орноосоо дайжин одох тухай ч бодохгүй байсан биз.

Эх орноосоо урвасан хүнд эх орныхоо нэрийг дуудах эрх үлдэх учиргүй. Энэ бол өс хонзонгийн уриа биш, харин төр, нийгэм хоёрын баримтлах ёстой ёс зүйн доод босго. Хэрэв бид энэ босгыг дахин дахин доошлуулсаар байвал маргааш урвалтыг буруутгах ёс суртахууны эрх ч биднээс алсарна.

Өршөөл нэрийн дор зарчмаа гээх үү, эсвэл эх орон, төрийнхөө үнэ цэнийг хатуу барих уу гэдэг сонголт өнөөдөр бидний өмнө тулгараад байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх