Цахим мэдээ
Цахимын бренд

РЕДАКТОРЫН ҮГ: СОЁЛЫН ДЭЭД ХЭМЖҮҮР, УРЛАГ ЗААДАГ СУРГУУЛЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ГИШГЭЛСЭН 9 ЖИЛ…

“Соёлын дээд хэмжүүр соёл зааж бэлтгэдэн сургуулиас л гарна” гэх ойлголт өнөөдөр бодит байдал дээр үгүй болсон мэт. Ялангуяа “соёл, урлагийн” гэх тодотголтой томоохон сургуулиудын орчинд соёл, хүнлэг харилцаа, ёс зүй бус харин дээрэлхэлт, дэглэлт, хүчирхийлэл олон жилийн турш байсаар ирсэн тухай төгсөгчид, оюутнууд ам дамжин ярьсаар байна. Эдгээр яриа хов жив төдий зүйл биш. Цаг хугацааны хувьд ч, агуулгын хувьд ч хоорондоо уялдаатай, давтагдсаар ирсэн ноцтой фактууд сүүлийн жилүүдэд ил болж эхэлсэн нь асуудлыг нийгмийн түвшинд авч үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. 9 жилийн өмнөх хэргийг сөхөхөд Өдгөөгөөс есөн жилийн өмнө тус сургуулийн нэгэн эмэгтэй оюутан ангийнхаа долоон залууд бүлэглэн хүчирхийлүүлсэн гэх хэрэг гарч, тухайн үедээ сэтгэл зүйн цочрол айдас гадуурхалаас шалтгаалж чимээгүй явсаар өдийг хүрчээ.

Хандсан хүн бүр хохирогчийг яллан үзэж чи л тэвчиж амьдар, мартаад амьдар гэх дарамтыг үзүүлсээр өөрийгөө ч алдахад нь хүргэсэн гэв. Үнэн зөвөөр шийдэгдэж, өршөөл ирэх болов уу гэсэн нэг ангийн найзууд нь харин ч бузар үйлдэлдээ гэмшилгүй дооглон доромжилж ирсэн нь энэ сургууль хүн сүгүүд бэлтгэсний тод илрэл боллоо. Харин одоо зориг зүрх гарган ярьсан энэ асуудал олны анхаарлын төвд орж нийгэм нийтээрээ шуугиж байж энэ сургуулийн орчинд бодит өөрчлөлт авчирч чадах уу гэх эргэлзээ дахиад л асуулт болж байна. Хохирогчийн зүгээс тухайн үед айдас, дарамт, нэр төрийн асуудлаас болж дуу хоолойгоо бүрэн хүргэж чадаагүй, гэтэл ангийн гэж итгэж явсан хүмүүс нь аль хэдийн мартаж асуудлыг бүдгэрүүлсээр байж…

Харин энэ үед хохирогч яах бол??? Хувь заяагаа ганцхан шөнийн дотор эвдүүлж, хажууд нь орших нэг ангийнхан нь жигшин зэвүүцэх өдрүүд, нүдээ аниад ч, хөнжилдөө бүгээд ч мартагдаж боломгүй тэр бараан дурсамжууд насаараа эдлэх тэр хар толбыг яах вэ? Биеэр мэдэрсэн тэр зовиур цаг хугацааны эрхэнд эдгэрэвч тархи зүрх сэтгэлд байгаа тэр зовиурыг яах вэ? Дээрэлхэлт, доромжлол “сургалтын арга” байв уу? Тус сургуулийг төгссөн зарим оюутнуудын яриагаар бол дээрэлхэлт, доромжлол зөвхөн оюутан хоорондын харилцаанд бус, багш оюутны харилцаанд ч түгээмэл байжээ. Эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүйгээр оюутнуудыг олны өмнө доромжлох, дарамтлах, сэтгэлзүйн хүчирхийлэл үзүүлэх нь “хатуу сургууль”, “мэргэжлийн шалгуур” мэтээр ойлгогдож ирсэн аж. Ийм орчинд уран бүтээлч, соёлын зүтгэлтэн бэлтгэнэ гэдэг нь өөрөө зөрчилтэй.

Соёл урлагийн боловсрол гэдэг зөвхөн ур чадвар бус, хүн чанар, ёс зүй, харилцааны соёл дээр суурилдаг атал түүний эсрэг нөхцөл байдал олон жил тогтсон нь харамсалтай. Асуудал хувь хүнээс давсан Энд яригдаж буй асуудал ганц хэрэг, ганц багш, ганц ангиар хязгаарлагдахгүй. Энэ бол хяналтгүй орчин, хаалттай тогтолцоо, хариуцлагагүй удирдлагын үр дагавар. Хүчирхийлэл, дээрэлхэлтийг үл ойшоодог, эсвэл “урлагийн салбар угаасаа ийм хатуу” хэмээн зөвтгөдөг хандлага өөрөө хүчирхийллийг улам өөгшүүлдэг. Соёлтой уран бүтээлч бэлдэж чадахгүй бол… Соёл урлагийн нэртэй, нэр хүндтэй энэ том айл уран бүтээлч, соёлын манлайлагчдыг бэлтгэж чадахгүй байлаа ч ядаж соёлтой хүн бэлтгэхэд анхаарах ёстой. Хүний эрх, аюулгүй байдал, нэр төрийг хамгаалж чаддаггүй сургуулиас нийгэмд эерэг нөлөө үзүүлэх уран бүтээлч төрнө гэж найдах хэцүү. Өнгөрсөн хэргүүдийг дахин сөхөж, үнэн мөнийг ил болгох, өнөөгийн сургалтын орчинд бодит хяналт тавих, оюутнуудын гомдлыг хараат бус байдлаар шийдвэрлэх тогтолцоо бий болгохгүй бол “соёл” гэх үг хоосон уриа хэвээр үлдэнэ.

Нэгэн хүний амьдралыг гээж орхисон энэ үйл явдал үнэн зөвөөр шийдэгдэж хэрэгтнүүд ялаа эдэлсэн ч хохирогч бол насан туршийн тамд, насан туршийн яланд амьдрах л болно

СЭТГЭГДЭЛ Үлдээх