УИХ-ын гишүүд, сайд нар Эрчим хүчний шинэчлэлийн хорооны хэвлэлийн зардлын талаар нэг суурин дээр олон тэрбумын зөрүүтэй мэдээллүүд өглөө.
Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ төсвийн хэмжээг найман тэрбум төгрөг гэж зарлаад, үүнд цочирдож буйгаа илэрхийлэн ажлын хэсгээс гарахаа мэдэгдсэн. Үүнтэй залгуулаад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Сайд нарын багцад “Хэвлэл мэдээллийн” гэх утгатай нийт 22 тэрбум төгрөг туссан байна. Үүнээс хамгийн өндөр нь Эрчим хүчний үндэсний хорооны мэдээлэл сурталчилгааны гэх 9 тэрбум төгрөгийн зардал. С.Цэнгүүн гишүүн үүнийг эсэргүүцэж өнөөдөр тэр хорооноос гарч байгаагаа зарласан. Зөв шийдвэр. Байнгын хороон дээр энэ зардлыг хасах санал бас дэмжигдсэн. Нөгөөдөр чуулганаар орно. Хэвлэл мэдээллийн гэх үлдсэн зардлуудыг ч хасах санал Төсвийн ажлын хэсэг дээр гарч байгаа. Төсвийн үргүй зардлыг танах хэрэгтэй гэдэгтэй цөм санал нэг байсан. Манай сэтгүүлчид одоо “Хэвлэлийн зардлыг хасна” гэхээр эсэргүүцэлгүй зарчим заана гэж итгэж байгаа. Үнэндээ жил бүрийн төсөвт сууж ирсэн энэ мөнгө нийт хэвлэлийнхэнд угаасаа ч хамаатай байгаагүй. Хэвлэлийн алба нэртэй хэд гурван хүн, халаасандаа сураггүй таван сайттай хэдхэн баагийгийн л хоол байсаар ирсэн. Бүгд л мэдэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөө, бие даасан, хараат бус байдал төсвөөс савраа татахаас эхэлнэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл Шадар сайд Т.Доржханд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлэл өгөхдөө "Найман тэрбум төгрөг бол бүхлээрээ хэвлэлийн зардал биш. Яг хэвлэл мэдээлэлд зориулах нь 500 сая орчим төгрөг" гэсэн эрс зөрүүтэй мэдээлэл өгөв.
Хариуцлагатай алба хашдаг хүмүүс нэг суурин дээр ийн илт зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учраас чухам хэнд нь итгэх вэ?
СЭТГЭГДЭЛ Үлдээх