2010 оноос хойш Оюутолгойн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-д Монгол Улсыг төлөөлөн ажилласан 18 гишүүнд нийт 17 тэрбум 695 сая 998 мянган төгрөгийн цалин олгосон баримт олон нийтийн анхаарлыг татаж байна. Дундажлан тооцвол, ТУЗ-ийн гишүүн бүр Оюутолгойгоос тэрбум төгрөгийн хэмжээний орлого хүртжээ.
Энэ хугацаанд Монгол Улс уул уурхайн төслүүдтэй холбоотойгоор өндөр өртөгтэй санхүүжилт, өрийн дарамтыг үүрч ирсэн гэх шүүмжлэл тасраагүй. Ийм нөхцөлд ТУЗ-ийн гишүүдийн авсан цалин, тэдний гүйцэтгэсэн бодит үр дүн хоорондын уялдаа олон нийтийн хувьд асуулт хэвээр байна.
Н.Багабанди – 3,591,000,000
Ч.Ганболд – 1,188,000,000
П.Цагаан – 1,188,000,000
Да.Ганболд – 1,095,988,400
Ч.Отгочулуу – 1,095,988,400
Г.Тэмүүлэн – 606,999,600
Б.Бямбасайхан – 397,800,000
Б.Мөнхбаатар – 759,999,600
Ч.Алтаннар – 577,800,000
Ц.Түмэнцогт – 852,998,400
Д.Энхжаргал – 182,001,600
Ц.Сүхбаатар – 549,000,000
Э.Баясгалан – 1,794,999,600
З.Ган-Очир – 699,001,200
Н.Цэрэнбат – 1,949,000,400
Ж.Тана – 579,999,600
Э.Мэндтүвшин – 456,998,400
Д.Цолмон – 123,001,200

Дээрх дүн нь тухайн гишүүдийн ТУЗ-д ажилласан хугацаанд олгогдсон нийт цалингийн нийлбэр дүн болно.
Хэн юу хийв?
Олон нийтийн дунд Э.Баясгалан гишүүн л Монголын талын ашиг сонирхлыг хамгаалан дуугарч, маргаантай асуудлуудад байр сууриа илэрхийлж, идэвхтэй ажилласан гэх ойлголт түгээмэл байна. Харин бусад гишүүдийн хувьд тэд Монголын талын эрх ашгийг хамгаалахад яг ямар бодит алхам, шийдвэр, үр дүн гаргасан бэ? гэдэг асуулт хариугүй үлдэж байна.
Ил тод байдал ба хариуцлага:
Монголын ард түмэн өндөр өртөгтэй санхүүжилт, өрийн дарамтыг үүрч ирсэн атал тухайн хугацаанд ТУЗ-д ажилласан гишүүд ямар ашиг, хамгаалалт, давуу талыг улсдаа авчирсан талаарх албан ёсны тайлан, үнэлгээ өнөөдрийг хүртэл олон нийтэд хангалттай танилцуулагдаагүй байна.
Иймд:
ТУЗ-д Монголыг төлөөлөн ажилласан гишүүд олон нийтэд тайлан тавих;
Тэдний гаргасан шийдвэр, санал, эсэргүүцэл, үр дүнг баримтаар нээлттэй хэлэлцэх;
Хэн нь Монголын эрх ашгийг бодитоор хамгаалж, хэн нь хамгаалаагүйг олон нийтийн өмнө тодорхой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Олон нийтийн сонсгол зайлшгүй хэрэгцээ...
УИХ-ын нэг гишүүн санаачлан Оюутолгойн ТУЗ-д Монголын талд ажилласан гишүүдийн олон нийтийн сонсгол зохион байгуулах цаг болсон. Энэ нь хэн нэгнийг буруутгах бус, харин хариуцлага, ил тод байдлыг тогтоох, цаашид ижил алдаа давтагдахаас сэргийлэхэд чухал алхам юм. Монголын баялаг Монголын ард түмнийх. Түүнийг төлөөлөн шийдвэр гаргасан хүмүүс олон нийтийн өмнө тайлагнах нь ардчилсан нийгмийн наад захын шаардлага билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх