Сүүлийн жилүүдэд олны анхааралд өртсөн, онц ноцтой хэргүүдийн шүүх хурлын гадна нэгэн хэвийн дүр зураг давтагдах болсон нь анхаарал татна. Хууль ёсны шүүх ажиллагаа явагдаж байх тэр орон зайд тухайн хэрэгтэй бодитоор холбоогүй, юунд ирснээ ч өөрсдөө сайн ойлгодоггүй хэсэг хүмүүс цугларч, гарч ирсэн хүн бүр рүү дайрч давшилж, нэг л үгийг давтан хашхирах нь хэвийн үзэгдэл болжээ.
Эдгээр хүмүүсийг эрүүл сэтгэцтэй эсэхээр нь дүгнэхээс илүүтэй, тэдний нийгэмд үзүүлж буй нөлөөг бодитоор харах нь чухал. Учир нь тэдний ихэнх нь тухайн хэргийг ойлгосон, үнэн мөнийг эрж хайсан иргэд бус, харин олны анхаарлыг ашиглан өөрсдийгөө “лайвчин”, “инфлүсер” болгон харагдуулахыг зоригчид байх нь элбэг. Гэвч бодит утгаараа тэд нөлөөлөгч гэхээс илүү аливаа үйл явдлыг мушгин гуйвуулж, олны бухимдлыг ашиглан ашиг хонжоо хайгчид юм.Тэдний оролцоо нь зөвхөн шуугиан дэгдээхэд хүргээд зогсохгүй, хууль шүүхийн байгууллага, цагдаа хүчний байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж байна. Үүнээс гадна “шүүх шударга ажиллахгүй байна”, “цагдаа үнэнг нуун дарагдуулж байна” гэх ойлголтыг баримт нотолгоогүйгээр олон нийтийн дунд түгээж, иргэдийг төөрөгдүүлдэг. Энэ нь нийгмийн итгэлцлийг сулруулж, хууль ёсны тогтолцоонд үл итгэх сэтгэлгээг зориудаар бий болгож буй хэлбэр гэж хэлэхэд хилсдэхгүй. Хамгийн эмзэг асуудал нь эдгээр “хуйлруулагчдыг” дагаж, үзэж, сонсож буй иргэд өөрсдөө ч ухамсаргүйгээр тархи угаалтад өртөж буй явдал юм. Үзсэн сонссон мэдээллээ шүүн тунгаахын оронд, хэн нэгний тоглохыг хүссэн жүжигт татагдан орж, бодит тэмцэл, жинхэнэ иргэний байр суурийг бүдгэрүүлж байна. Ингэснээр үнэн сэтгэлээсээ жагсаж, шударга ёсны төлөө дуугарсан иргэдийн дуу хоолой дарагдаж, тэдний тэмцэл үнэгүйддэг. Өнөөдрийн Монголын нийгэмд тархи угаагчид хэт олширч, харин эрүүл ухаантнууд нь тэднээс өөрсдөө мэдээлэл авч, үзэл бодлоо бүрдүүлж буй нь эмгэнэлтэй. Энэ бол ганц нэг хүний асуудал бус, нийт нийгмийн сэтгэхүй, мэдээлэлтэй харьцах соёлын доройтол юм. Ийм нөхцөлд бид шуугианы араас хөөцөлдөхөөс илүү баримтад тулгуурлаж, мэдээллийг шүүн тунгааж, жинхэнэ иргэний оролцоо гэж юу болохыг дахин тодорхойлох шаардлагатай байна. Үгүй бол шударга ёсны төлөөх дуу хоолой лайвын чимээнд дарагдаж, хууль ёс олны нүдэн дээр шоу болж хувирах аюул нүүрлэсээр байх болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх