Цахим мэдээ
Юу

РЕДАКТОРЫН ҮГ: ХЯНАЛТАА АЛДСАН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ГЭХ ХООЛНЫ  САВААР ЯАХ ВЭ...

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт хаана алга болов?

Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хариуцсан тусгайлсан байгууллага байсаар байтал өнөөдөр иргэд чанартай эм олж авахын тулд аз сорих хэрэгтэй болжээ. Эмийн хангамж дутмаг, чанарын баталгаа сул, дээрээс нь зөвшөөрөлгүйгээр хэн ч эм, тариа гар дээрээс худалдах боломж нээлттэй хэвээр байна. Энэ бол зүгээр нэг зах зээлийн доголдол биш төрийн хяналтын бодлогын ноцтой дампуурал юм.

Төр засаг “хяналт” гэж ярьдаг. Цахим жор нэвтрүүлсэн, жоргүй эм олголтыг хязгаарласан. Гэвч энэ хяналт зөвхөн эмийн сангийн лангуун дээр зогсож, түүний цаана эмийн хар зах цэцэглэж байна. Хаалттай сошиал группүүд, ижил төрлийн өвчтэй хүмүүсийн нэрийн дор байгуулагдсан бүлгэмүүдэд эм, тариа, дусал хяналтгүйгээр дамжиж, хадгалалт, чанар, аюулгүй байдлын тухай хэн ч асуухгүй байна. Сүүлийн жилүүдэд хүний амь насанд ч хүрэх эрсдэлтэй дусал тариа, жирэмслэлтийг таслах зориулалттай эмүүд хууль бусаар орж ирж, гар дээрээс зарагдаж байгаа нь нууц биш. Эдгээр эмийг эмчийн хяналтгүйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой хор уршигтайг мэргэжлийнхэн удаа дараа анхааруулсаар ирсэн. Гэвч бодит байдал дээр хяналт тавих ёстой байгууллагууд дуугүй л байсаар...

Энд хамгийн аюултай нь  иргэдийг “өөрөө өөрийнхөө эмч” болгох нөхцөл төр өөрөө бий болгож байгаад оршино.

Албан ёсны систем нь хаалттай, хүнд сурталтай, эм олдоц муутай байхад иргэд хууль бус, эрсдэлтэй зам руу түлхэгдэж байна. Үр дүнд нь зөвхөн эмийн аюулгүй байдал алдагдаад зогсохгүй, хүний амь нас, үр хүүхдийн ирээдүйгээр тоглож байна.

ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ, БАЙХГҮЙ ЮУ....

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт хариуцсан байгууллага үнэхээр ажиллаж байна уу? Эсвэл “хяналт” гэсэн нэрийн дор цалин аваад, бодит эрсдлийг үл тоон сууж байна уу? Хэрэв тусгайлсан нэгж байгууллага байсаар байтал:

  • эмийн хууль бус худалдаа ил тод явагдсаар,

  • иргэд чанаргүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм хэрэглэсээр,

  • хүний амь насанд хүрэх эрсдэл бодитоор гарсаар байвал

ийм байгууллага оршин тогтнохын утга учир юу вэ?, Татан буулгах тухай ярих нь туйлшрал мэт сонсогдож магадгүй. Гэвч ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, эсвэл гүйцэтгэхийг хүсэхгүй байгаа бүтэц бол нэр төдий орших нь иргэдэд илүү хор хөнөөлтэй. 

Эцэст нь хэлэхэд хяналт бол тайлан биш, амь нас... Ирээдүй юм. Монголчууд хянаж байна, хийж байна гээд цаасан дээр л буулгаад байхаас бодитоор хэрэгжүүлж үр дүн үзүүлсэн нь юу л бол... Төрийн бодлого зөвхөн журам гаргах, систем нэвтрүүлэхээр хязгаарлагдах ёсгүй. Хяналт гэдэг бол бодит амьдрал дээр хэрэгжиж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой механизм юм. Хэрэв өнөөдрийн энэ замбараагүй байдлыг зогсоож чадахгүй бол цаашид бидэнд 

  • цахим жор — цаасан дээрх л шинэчлэл,

  • хяналтын байгууллага — нэр төдий л обеъкт, субъект, 

  • харин хохирогч нь энгийн иргэд хэвээр үлдэнэ.

Төр хэний төлөө ажиллаж байна вэ? Иргэдийнхээ эрүүл амьдрах жам ёсны эрхийн төлөө юу, эсвэл ажиллаж байгаа дүр эсгэсэн тогтолцоогоо хамгаалах гэж үү?

ЭСВЭЛ ХЯНАЛТАА АЛДСАН БОЛ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ГЭЖ ХООСОН МӨНГӨ ЗАРЦУУЛСАН ХООЛНЫ  САВААР ЯАХ ВЭ???

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин