Цахим мэдээ
Нийгэм

Ипотек: Ард иргэдэд “хүлээлт”, албан тушаалтнуудад “давтамж”

Анх ипотекийн зээлийг “гэр хорооллыг багасгана, утааг бууруулна, орлогын боломж багатай иргэдийг орон сууцтай болгоно” гэсэн сайхан зорилготой эхлүүлсэн. Залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчид гээд тодорхой бүлгүүдэд нэг удаа хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болох гарцыг нээх ёстой байлаа. Гэтэл бодит байдал дээр энэ зорилго “танилтайд ойр, танилгүйд хол” төрийн бодлогын жишиг загвар болон хувирчээ.

Нэг нь зээл “хөөцөлдөөд” л дуусна, нөгөө нь тав арваар нь авна. Ипотекийн зээл хөөцөлдөөд өөрөөсөө гарлага гаргасан уу гэхээс, орлого олж үзээгүй олон мянган иргэн бий. Харин нөгөө талд нь 5-аас дээш удаа ипотекийн зээлээр орон сууцтай болсон “эрхэм” ч цөөнгүй. Нэг удаагийн дэмжлэг байсаар атал, олон удаагийн боломж болж хувирсан нь хэнд ч ойлгомжтой зөрчил. Энэ хооронд шударгаар хүсэлт өгч, шаардлага хангахаар жил жилээр хүлээсэн иргэдийн найдвар нимгэрсээр. 

Хот дүүрэн барилга, иргэнд хүртээмжгүй үнэ

Өнөөдөр Улаанбаатар хот орон сууцны хорооллоор дүүрлээ. Барилга байна, байр байна. Харин худалдан авах чадвар алга. Сарын 2 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч байтугай, 5–6 саяын орлоготой хувийн бизнес эрхлэгч ч ойрын хугацаанд төлж дийлэхээргүй үнэтэй байрнууд зах зээлийг эзэлжээ. 30 хувийн урьдчилгааг босгохын тулд иргэд:

  • Байгаа бүхнээ барьцаалж,

  • Илүү цагаар сунаж ажиллаж, 

  • Хоёр, гурван ажил зэрэг хийж байж сая нэг “өөрийн гэсэн” орон сууцтай болж байна.

Харин энэ хооронд зарим нь ипотекийн зээлийг олон давтамжтай ашиглан, орон сууцыг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож, нэр дээрээ хэд хэдийг бүртгүүлж амжжээ. Бодлого нь байсаар, бодит зорилго нь алдагдсаар байгаад учир байна. 

Ипотекийн хөтөлбөрийн гол утга учир нийгмийн тэгш байдлыг дэмжих, анх удаа байртай болох иргэдэд боломж олгох байтал энэ нөхцөл шаардлага өнөөдөр алдагджээ. Хүрэх ёстой бүлэгтээ хүрч чадалгүй, хүртэх боломжтой цөөнд халиаж очсоор энэ бодлого утгаа алдаж байна. 

Төрийн бодлого гэдэг:

  • Боломжийг давтамжтай олгох хэрэгсэл биш,

  • Танилын сүлжээг тэлэх платформ ч биш,

  • Харин шударга, ил тод, хяналттай хэрэгжих ёстой нийгмийн гэрээ юм.

Ипотекийн зээл үнэхээр орон сууцжуулах бодлого хэвээрээ юу, эсвэл цөөнхийн хөрөнгөжих боломж болон хувирчихсан уу? Нэг удаагийн дэмжлэгийг олон удаагийн ашиг болгож буй энэ тогтолцоонд хэн хяналт тавьж, хэн хариуцлага хүлээх вэ? Зээлийн нөхцөл, шаардлага сайжирсан ч дээрх нөхцөл байдал үргэлжлэхгүй гэх баталгаа ч өнөөдөр бидэнд алга. Халагламаар, халширмаар бодлого гэвэл төрийн бодлого л байх шив...

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин