Монголчууд бид хэзээнээсээ хөдөлмөрч ард түмэн гэж өөрсдийгөө магтсаар ирсэн. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр бид хөдөлмөрийн биш, бэлэн мөнгөний логикт бүрэн шилжжээ. Баяр ёслол дөхөх бүрд иргэдийн толгойд эхэлж орж ирдэг асуулт бол “юу бүтээх вэ?” биш, харин “төр хэдийг өгөх бол?” гэдэг болж...
Ерөнхий сайд “сайхан мэдээ” дуулгана гэх цуурхал гарахад л сая төгрөг тараана хэмээн ам уралдан хөөрцөглөж буй дүр зураг бол өрөвдмөөр. Энэ бол ядуурал бус, сэтгэлгээний дампуурал. Өнөөдрийг л аргацаах, маргаашийг төрөөс гуйх амьдралын хэв маяг биднийг сүүлийн гучин жил “ядуу ч юм шиг, баян ч юм шиг” будлиантай оршуулахад хүргэлээ. Бид өнөөдөр нийгмийн аль давхаргад багтаж байгаагаа ч тодорхойлж чадахгүй байна. Яагаад гэвэл бид өөрсдийн хөдөлмөрөөр хэмжигдэх амьдрал бус, төрийн тараамжаар тодорхойлогдох орлогын сэтгэлгээнд дассан. Хөдөлмөрлөж байж хөлс урсаж, хөлс урсаж байж үнэ цэнэ бий болдог гэдэг энгийн үнэнээс бид зугтсаар иржээ. Гэдсээ илээд гэртээ хэвтэж байхад бэлэн мөнгө бороо шиг асгардаг үлгэр хаана ч байхгүй. Байгаагүй, байх ч үгүй. Гэтэл Монголд л энэ үлгэрийг бодит юм шиг хүлээдэг, шаардаж нэхдэг, бүр эрх мэт ойлгодог болжээ.
Төр баялгийг ард түмэндээ шударгаар хүртээх ёстой нь үнэн. Гэхдээ бэлэн мөнгө тараах хэлбэр бол баялгийг хүртээж буй хэрэг биш, харин эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, инфляциар дамжуулан иргэдийг өөрсдийг нь шийтгэж буй хэлбэр. Өнөөдөр гар дээр ирсэн хэдэн төгрөг маргааш үнийн өсөлт болж эргээд иргэдийн халаасыг хоосолдог гашуун жамыг бид ойлгохыг хүсдэггүй. Иргэдээ баярлуулах нэрээр, улс төрийн оноо авах гэсэн энэ бэлэн мөнгөний наадам эцэстээ эдийн засгаа мөлхүүлж, иргэдээ нүцгэн шахуу үлдээдэг. Үүнийг төр ч, түүнийг хүлээж баясдаг иргэд ч хамтдаа хийж байна.
Тиймээс асуултыг өөрөөр тавих цаг аль хэдийн болсон. “Төр надад хэдийг өгөх вэ?” гэж асуухын оронд, “Би өөрөө юу бүтээж, ямар үнэ цэнэ бий болгож байна вэ?” гэж асуудаг болох хэрэгтэй. Бэлэн мөнгө тараана гэсэн амлалт ч, түүнийг горьдсон сэтгэлгээ ч хоёулаа Монголын ирээдүйг хорлож байна. Үүнийг зогсоох цорын ганц арга бол ухамсрын хувьсгал.
Бэлэнчлэх сэтгэлгээгээ толгойноосоо авч хаяж, хөдөлмөрийг үнэ цэн болгодог нийгэм рүү алхахгүй бол бид ядуу ч юм шиг, баян ч юм шиг будилсан энэ байдалдаа цаашид ч эргэлдсээр л байх болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх