Цахим мэдээ
Нийгэм

Резидент эмч нарын цалин амьдралд хүрэлцэх үү...

    Резидент эмч нар сард 790 мянган төгрөгийг гар дээрээ авч байгаа талаар өөрсдөө хуваалцжээ. Тэд энгийн эмч нартай адил хэмжээний хариуцлага үүрч, ачаалал өндөртэй орчинд ажилладаг ч цалин хөлс нь амьдралын наад захын хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй гэдгийг онцолсон байна. Резидент эмч нар нь мэргэжлийн нарийн чиглэлээр дагнан суралцаж, дадлагажихын зэрэгцээ эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд идэвхтэй оролцдог. Тухайлбал: 

  • Хоногийн жижүүрт гарна

  • Илүү цагаар ажиллана

  • Яаралтай тусламжид дайчлагдана

  • Өвчтөний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шийдвэрт оролцоно

Ийм нөхцөлд ажиллаж байгаа ч сарын 790 мянган төгрөг нь түрээс, хоол хүнс, унаа, сургалтын зардал зэрэг тогтмол зардлыг бүрэн нөхөхөд хүндрэлтэй байгааг тэд хэлж байна. Ялангуяа залуу эмч нарын ихэнх нь өрх гэрээ шинээр төвхнүүлж буй насныхан тул санхүүгийн дарамт илүү мэдрэгддэг аж.  Харин салбарын сайдын зүгээс резидент эмч нарыг цалинжуулж, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэрээр тэднийг суралцах хугацаанд нь тогтмол орлоготой болгож, нийгмийн даатгалд хамруулан, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. Мөн цаашид цалин, урамшууллын тогтолцоог сайжруулах чиглэлд судалгаа хийж, үе шаттай арга хэмжээ авах талаар дурдсан байна.

ГЭХДЭЭ ХҮНЭЭ БОДСОН ШИЙДЭЭЛ ХААНА БАЙНА ВЭ?

    Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг нь хүний нөөцийн тогтвортой байдал. Хэрэв залуу эмч нарын хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй хэвээр байвал мэргэжлээсээ шантрах, гадагшаа ажиллах сонирхол нэмэгдэх эрсдэл бий гэдгийг салбарынхан анхааруулж байна. Резидент эмч нарын хувьд тэд “суралцагч” хэдий ч бодит байдал дээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чухал хэсгийг нуруундаа үүрч явдаг. Иймээс тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлэх, цалин хөлсийг амьжиргаанд нийцүүлэх асуудал нийгмийн анхаарлын төвд хэвээр байна. Энэ асуудалд бодит, урт хугацааны шийдэл хэрэгтэй байгааг эмч нар болон иргэд онцолж буй. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин