Парламент гэдэг бол зөвхөн тоо болон эрх мэдлийн төв биш. Энэ бол ард түмний итгэлийг төлөөлж, бодлого боловсруулах танхим. Гэвч өнөөдрийн 126 гишүүнтэй УИХ энэ ойлголтыг гарт баригдахуйц унагаж, төрийн ордны индэр бодлогын мэтгэлцээний биш, доромжлолын, ёс зүйгүй үгийн тайз болж хувирлаа.Зарим гишүүд үг хэлэх эрх чөлөөг өөрийгөө хамгаалах бамбай мэт ойлгож, өөрсдийг нь сонгосон иргэдээ доромжлох нь хэвийн үзэгдэл мэт. Энэ бол ганц хүний алдаа биш, парламентын соёл, ёс зүй нурж буйг харуулж байна.

ГИШҮҮН ТА ӨӨРИЙГӨӨ ДАРГА ГЭЖ БОДСОН ЮМ БИШ БИЗ... ТА БОЛ ИРГЭНД ҮЙЛЧЛЭХ АЛБАНД ТҮР ТОМИЛОГДСОН Л НЭГЭН...
Гишүүний суудал бол эрх мэдлийн титэм биш, хариуцлагын ачаа юм. Иргэд гишүүдийг дарга болгож сонгоогүй, харин тэдний өмнөөс ажил хийлгэхээр сонгосон. Иргэдээ дорд үзэж, доромжилж буй парламентын гишүүд энэ энгийн үнэнийг мартсан. Тодруулбал хэдхэн долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийн цахим хуудастаа лайв хийхдээ иргэн рүү дайрч чичилсэн, ёс бус үг ашигласан бичлэг хийж олны ундууцлыг хүргэсэн. Удаах нь мэдээж л олны дунд хэл ам хэрүүл тэмцлээрээ толгой цохидог УИХ-д сонголтоор бус жагсаалтаар орж ирсэн гишүүн М.Нарантуяа. Түүнийг цахим хуудастаа идэвхтэй төдийгүй төрийн хүн болж төлөвшөөгүй гэдгийг хэн бүр мэднэ. Гэхдээ эх хүн болж төлөвших хугацаа өнгөрсөн гэдгийг ч олон нийт харж буй. Түүний хувьд цахим хуудаст нь өөрт нь таалагдаагүй сэтгэгдэл бичсэн хэнтэй ч хариу хэрүүл, доромж үгээр дайрч давшилж гардаг нэгэн. Гэтэл хувийн орон зайдаа хэн юу ч хийж болох ч төрийн хүн, төрийн хүний нэрийг авч хаясан ч эх хүний хувьд үр хүүхэддээ үлгэрлэж буй үйлдэл нь л тэр гэж бодохоор халагламаар... Төрийн нэр барьж иргэд рүү дайрч буй үг, үйлдэл бол эрх мэдлийн гажуудлын тод жишээ. Ардчилсан нийгэмд хэн ч үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ нь доромжлохоос тэс өөр ойлголт. Түүгээр ч зогсохгүй нэг хүний эрх нөгөө хүний эрхээр ч мөн хязгаарлагддаг ойлголттой. Тиймээс ч ардчиллын үнэн шалгуур бол ЁС ЗҮЙ байдаг.
Сонгуулиар илэрдэг ардчилал биш, ёс зүйгээр хэмжигддэг ардчилал хамгийн үнэ цэнэтэй. Ёс зүйгүй парламент нь иргэдийн итгэлийг хамгийн түрүүнд унагадаг. Өнөөдрийн парламентын тодорхой харагдаж буй дүр зураг бол эрх мэдэлтэй хүн бүхнийг хэлж, хийж болно гэсэн бодол нь улс орныг доройтуулж байна.
РЕДАКЦИЙН НЭМЭЛТ:
Ёс зүйгүй гишүүдийг хуулиар хязгаарлах цаг болсон УИХ-ын даргаа:
УИХ-ын дарга, Ёс зүй, дэгийн хороо нь өөрсдийн хариуцсан гишүүдийн хувийн болон албан ёсны ёс зүйг хангах үүрэгтэй. Гэвч зарим гишүүд өөрсдийн хувь хувьсгалын ёс зүйд хүрэхгүй, хуулийн хүрээнд ч зааг тогтоож чадахгүй явсаар байна. Энэ нь хариуцлагагүй байдал төдийгүй, ард түмний итгэлд шууд халдаж буй үйлдэл юм. Иргэн бол энэ улсын хамгийн үнэт баялаг. Иргэн эрүүл, аюулгүй орчинд жам ёсны эрхээ эдэлж, хэнээр ч доромжлуулалгүй амьдрах хуулийн баталгаатай эрхтэй. Гэвч өнөөдөр нийтийн цахим орчин, олон нийтийн хуудас нь гудамжны хэрүүл, доромжлолын талбар мэт болжээ. Зарим гишүүн бусдыг доромжлон тохуу хийж буй энэ үйлдэл нь гудамжны золбин ноход шиг хуцалдахтай адил төрийн индэр дээрээс хийх ёсгүй зүйл. Энэ төрлийн увайгүй үйлдлийг дахин давтан гаргах гишүүдийн эсрэг УИХ-ын дарга, Ёс зүй, дэгийн хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо зэрэг эрх мэдлийн субьектүүд шуурхай хариуцлага тооцож, бусад гишүүдэд сануулга өгөх шаардлагатай. Үгүй бол парламентын нэр хүнд унаж, иргэдийн итгэл дахин сэргэшгүйгээр алдагдах эрсдэлтэй. Төрийн суудал бол эрх ямба биш, ёс зүйн шалгалт юм. Энэ шалгалтад унаж буй хүмүүс төрд биш, өөрсдийн ухамсартайгаа нүүр тулах цаг нь иржээ. Ард түмэн дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч буй гэсэн үг биш. Итгэл алдрах мөч ирэхэд эрх мэдэл хамгийн түрүүнд ганхдаг.
ЭЦЭСТ НЬ...
Төр ёсонд ёс суртахууны хэм хэмжээг тогтооход намуудын үүрэг хариуцлага тун чухал. Намууд мэргэжлийн, ёс зүйн өндөр хариуцлагатай хүнийг багтаа татан оруулахгүй, харин гудамжны золбин нохдыг саналын тоогоо өсгөхийн тулд шахан оролцуулсаар байвал төр нь төр биш, золбин нохдын үүр болох нь тун ойрхон гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол улс төрийн нам, иргэдийн хоорондын итгэлцлийн туйлын сорилт юм. Цаашид улс орны эзэн болсон иргэдийнхээ өөдөөс увайгүй хуцалдсаар байх уу улс төрд сонгогдсон эрхмүүд ээ....
СЭТГЭГДЭЛ Үлдээх