Цахим мэдээ
Хэн

Дурсамж тэмдэглэл: Албаны цаана үлдсэн амьдрал

…Хүлээх гэдэг бол цагдаа хүний ар гэрийн хамгийн том үүрэг юм байна.
Заримдаа тэвчээр тасрах шиг болно. Яагаад заавал баярын өдөр, яагаад заавал шөнө дунд, яагаад заавал амрах ёстой үед гэж бодогдоно. Гомдол төрөх үе ч бий. Гэхдээ хаалга аяархан онгойж, тэр минь орж ирэх мөчид бүх бодол өөрчлөгдөнө.  
Ядарсан алхам, жиндсэн мөр, хүйтэнд улайсан гар… Гэвч гэртээ орж ирмэгцээ тэр ядарснаа мартчих шиг болдог. Гутлаа тайлж амжихгүй шахам байхад нь гурван настай хүү нь гүйж очоод тэвэрнэ. Тэр ч бас ядарснаа умартан, доош тонгойж хүүгээ өргөн авч, инээд алдан тоглож эхэлдэг. Өдөржин алба хаасан хүн гэхэд итгэмээргүй. Гэхдээ тэр хүүдээ заавал цаг гаргадаг. Хэдхэн минут байсан ч хамт машин өнхрүүлж, барилдаж, инээлдэж сууна. Хүүгийнхээ инээдийг сонсох бүртээ тэр өөрөө амарч байгаа мэт харагддаг. Заримдаа би “Ядарсан байж жаахан амар даа” гэж хэлэхэд, “Өдрийн турш намайг хүлээсэн юм чинь” гэж инээмсэглэн хэлдэг. 

Тэр зөвхөн үүргээ биелүүлдэг албан хаагч биш, бас халамжтай аав, түшигтэй хань юм.

Ажлын хүнд өдрийн дараа ч эхнэрээ эрхлүүлэхээ мартдаггүй. Аяга цай дөхүүлж өгөх, зүгээр л мөрөн дээр гараа тавих, “Ядраагүй биз?” гэж асуух тэр энгийн үгс нь миний бүх хүлээлт, бүх санаа зовнилыг мартуулдаг. Тэр амьдралаа ч, ажлаа ч зэрэг дааж яваа нэгэн. Нэг талд нь дүрэмт хувцасны хатуу үүрэг, нөгөө талд нь гэр бүлийн дулаан ертөнц бий. Хоёуланг нь алдалгүй авч явахыг нь харах бүрт би илүү их бахархдаг.  Тиймдээ ч би ойлгосон цагдаа хүний хүч зөвхөн албанд биш, харин гэртээ ирээд хайртай хүмүүсийнхээ дунд энгийн аав, энгийн нөхөр байж чаддагт оршдог юм байна.

     Цагдаа хүний ар гэр байх амаргүй ч бахархалтай замнал гэдгийг би эдгээр он жилүүдийн турш ойлгосон. Анх түүнийг дүрэмт хувцастай нь харахад зүгээр л сайхан харагддаг сан. Харин хамт амьдарч эхэлснээс хойш тэр хувцасны цаана ямар их хариуцлага, ямар их тэвчээр байдгийг мэдэрсэн юм. Мөрдөс нь гялалзаж, гутал нь өнгөлөг байх бүрт би дотроо “Өнөөдөр тайван албаа хаагаад, эрт ирээсэй” гэж залбирдаг. Бидний баярын өдрүүд бусдынхаас тэс өөр. Шинэ жил, наадам, баяр ёслолын үеэр гэрийнхэн нь ширээ тойрон сууж байхад тэр минь зам дээр, олон нийтийн дунд үүрэг гүйцэтгэж явна. Хүү маань аавыгаа хүлээнэ. “Аав ирсэн үү” гэсэн асуултад би “Аав нь ажилтай, цагдаа явсан” гэж гуравхан настай үрдээ бахдалтай тайлбарлана. Хүү минь багаасаа ойлгож өсөж байна.  Аавынхаа ажлыг бахархал гэж мэдэрдэг ч болсон. 

      Зарим шөнө гэнэт дуудлага ирнэ. Унтаж байсан хүүхдээ сэрээхгүйг хичээн, аяархан хувцаслаж гарахыг нь би харна. Хаалгаар гарч одох тэр мөчид уруул дээр нь үнсээд өнөөдрийнх нь ажилд амжилт хүсээд үдэж өгдөг. Хэн нэгний осол, хэн нэгний маргаан, хэн нэгний аюул түүнийг дуудсан байдаг. Харин бид гэртээ хүлээнэ.

Хүлээх гэдэг нь бас цагдаа хүний гэр бүлийн үүрэг юм билээ.

Өвлийн жаварт -40 хэмд зогсож, зуны халуунд наадмын талбай дээр бүтэн өдөр зогсоно гэдэг амаргүй. Гэсэн ч тэр “Иргэд тайван байвал боллоо” гэж хэлдэг. Түүний энэ үгс надад хүч өгдөг. Би дүрэмт хувцсыг нь индүүдэж, мөрдөсийг нь арчиж, гутлыг нь тослох бүрдээ зүгээр нэг ажил хийж байгаа биш, харин түүний үүргийн нэг хэсгийг хамт үүрч байгаа мэт санагддаг. Цагдаа нар ч бас хүн. Ядарна, шантарна, гомдоно. Гэвч тэд үүргээ урьтал болгодог. Харин ар гэрийнхэн нь тэдний хамгийн чимээгүй түшиг тулгуур нь болж үлддэг. Бид гомдол хэлдэггүй. Гомдож үзсэн ч хүний төлөө сонгосон мэргэжил, зүтгэлийг нь үнэлээд чимээгүй тэвчдэг.  Учир нь тэдний хийж буй ажил зөвхөн манай гэр бүлд биш, энэ нийгэмд хэрэгтэй гэдгийг ойлгодог. Он жил өнгөрөх тусам би нэг зүйлийг илүү тод мэдэрсэн. Цагдаа хүний ар гэр байна гэдэг зүгээр нэг хүлээх биш, хамт зүтгэх, хамт тэсэх, хамт бахархах амьдрал юм байна. Хүү минь аавынхаа станцыг бариад  шулганан амандаа аавыгаа дуудахад л сэтгэл минь огшдог. Түүний минь үргэлжлэл байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол зөвхөн манай гэр бүлийн түүх биш. Цагдаа хүний ард үлддэг мянга мянган ар гэрийн дуугүй бахархал, чимээгүй залбирал, тэвчээрийн тухай дурсамж юм. Тэд бол энгийн хүмүүс. Харин тэдний ард зогсож буй ар гэрийнхэн нь энэ нийгмийн аюулгүй байдлын үл үзэгдэх багана нь билээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин