Монгол түмэн дэлхийн олон үндэстнээс ялгарах баялаг өв соёл, түүхэн уламжлал, ёс заншил, шашин шүтлэгийн өвөрмөц тогтолцоотой ард түмэн. Эртнээс өвлөгдөн ирсэн эдгээр үнэт зүйлс нь Монголчуудыг Монгол хэвээр нь авч ирсэн дархлаа байсаар ирсэн. Гэвч даяаршлын эрин, ардчилсан нийгмийн шинэ хандлагын дунд бид өөрсдийнхөө язгуур үнэт зүйлсийг хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн асуулт улам хурцаар тавигдах боллоо. Социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжсэнээр Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх жам ёсны эрхтэй болсон. Энэ бол нийгмийн том дэвшил. Харин нөгөө талд, эрх чөлөөг үүрэг хариуцлагаас ангид ойлгох хандлага газар авч, үндэсний уламжлал, түүх соёлоо үгүйсгэх, гуйвуулах, бүр татгалзах хүртэл үзэгдэл нэмэгдэж буй нь анхаарал татаж байна. Харийн соёлыг сохроор даган дуурайх явдал хүчээ авахын хэрээр Монголчууд өөрсдийн ондоошлоо алдах вий гэх болгоомжлолыг түүх судлаачид, соёлын зүтгэлтнүүд илэрхийлэх болсон нь санамсаргүй хэрэг биш.
Монголчуудын хувьд үндэсний бахархлын илэрхийлэл болсон хоёр том баяр бий. Тэр бол Үндэсний их баяр наадам болон Цагаан сар. Эдгээр баяр нь зөвхөн тэмдэглэлт өдөр бус, ёс заншил, ахуй соёл, хүмүүжил, үндэсний ухамсрыг үеэс үед дамжуулж ирсэн амьд уламжлал юм. Наадмын үеэр зохион байгуулагддаг бөх, сур харваа, шагайн харваа, морин уралдаан зэрэг язгуур спорт нь Монголчуудын түүх, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Гэвч сүүлийн жилүүдэд үндэсний спортууд тойрсон маргаан, шүүмжлэл нэмэгдэж, допингийн асуудал, шударга бус шүүлт, албан тушаалын нөлөөлөл гэх мэт сөрөг үзэгдлүүд гаарсаар байна. Энэ нь зөвхөн спортын асуудал биш, харин уламжлалын үнэ цэнийг сулруулж буй ноцтой дохио юм. Ялангуяа морин уралдаан жил бүр нийгмийн маргааны төвд орж байна. Олон зуун жилийн турш хүүхэд морь унаж, уяачдын соёлын нэг хэсэг болж ирсэн уламжлал өнөөдөр хүний эрхийн асуудалтай огтлолцож, “уралдуулах уу, хориглох уу” гэсэн туйлширсан хэлэлцүүлэгт хүрчээ. Үүний улмаас морьдоо сойсон иргэд, унаач хүүхдүүд тодорхойгүй байдлын дунд үлдэх нь цөөнгүй.

Гэвч асуудлын гол нь уламжлалаа үгүйсгэх эсэх дээр биш юм. Харин уламжлалаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн, хүний эрхийг дээдэлсэн, хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай, аюулгүй байдлын стандартыг чанд мөрдсөн хэлбэрт оруулахад оршино. Өв соёлоо хамгаална гэдэг өнгөрснийг сохроор хамгаалах бус, харин зөв зохион байгуулалт, хариуцлагатай шинэчлэлээр хадгалж үлдэхийг хэлнэ. Өнөөдрийн маргаан бол морь уралдуулах эсэх тухай биш. Харин Монгол Улс өөрийн язгуур соёл, уламжлалаа хэрхэн авч үлдэх вэ гэсэн илүү том асуудал юм. Үндэсний өв соёл гэдэг улс үндэстний дархлаа. Түүнийг улстөржилт, ашиг сонирхол, туйлширсан үзэл бодлын золиос болгох бус, ёс төр, хууль дүрэм, шинжлэх ухаанд тулгуурлан хамгаалах нь бидний нийтлэг үүрэг билээ.
Эцэст нь хэлэхэд, Монгол хүн мориндоо зөвхөн уналга, эд хөрөнгө мэт ханддаггүй. Морь бол Монгол хүний хийморь, омог бардамнал, дотоод сэтгэлийн илэрхийлэл. Хээр талд хөлсөө цувуулан давхих Монгол морьтой хамт эзнийх нь хийморь сэргэж, сэтгэл нь огшдог гэх ойлголт үеийн үед өвлөгдөн ирсэн. Тиймдээ ч уралдаанаас ирсэн мориныхоо хөлсийг тосохоор хүмүүс яаран очдог нь зүгээр нэг зан үйл бус уламжлалаа хүндэтгэж, өв соёлоо мэдэрч, сэтгэлээ дүүргэдэг Монгол ахуй, Монгол ухааны илэрхийлэл юм. Тэр агшинд хүн морь хоёрын холбоо, ард түмний олон зуун жилийн түүх амьдарч байдаг. Ийм үнэ цэн, ийм сэтгэлийн уламжлалыг бид мартаж, алдаж үл болно. Учир нь морьтойгоо хамт оршдог энэ соёл бол Монгол хүний дотоод мөн чанар, үндэстний дархлаа билээ.
Цаашид бид даяаршлын давалгаанд уусах уу, эсвэл өөрийн өнгө төрхөө хадгалж үлдэх үү гэдэг сонголтын өмнө зогсож байна. Өв соёлоо авч үлдэх нь өнгөрснөө хамгаалах бус ирээдүйгээ хамгаалах үйл хэрэг юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх