Өдгөө 80 нас сүүдэр зооглож байгаа ч бие харьцангуй эрүүл чийрэг, ухаан санаа сийрэг Б.Рэнцэн гэх энэ өвөө амьдарлын болон сэтгэл зүйн олон янзын шалтгаанаар өвлийн тэсгим хүйтэнд траншейд хоноглон зутруу амьдарч байна. Тэрээр, эхнэр хүүхдүүдтэй байсан боловч гэр бүлд нь хийгээд хувийн амьдралд нь таагүй зүйл олон тохиолдож, бусдын адил халуун бүлээрээ амар жимэр суух боломжгүй болсон аж. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой эмзэг асуудал учраас түүний хувийн амьдралын нарийн ширийн асуудлыг олон нийтэд дэлгэрүүлэн дэлгэхээс бид зайлсхийв.
Харин 21 дүгээр зуунд Монгол Улсын иргэн, бидний нэг, тэр дундаа өндөр настан ийнхүү хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг нийгмийн хамгааллын холбогдох байгууллагууд анзаарч, анхаарлаа хандуулан нэг ч гэсэн иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хамгаалж, тус дэм болоосой гэдэг үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэсэн юм. Сурвалжлагын дагуу сайхан сэтгэлт монголчууд минь олон арваараа манай редакцтай холбогдож, Б.Рэнцэн өвөөд туслахыг хүсч буйгаа илэрхийлсээр байна. Бид эхний ээлжинд түүний дахин дахин бидэнд захиж байсан "Компьютертэй болох" мөрөөдлийг нь биелүүлэхийн зэрэгцээ нийгмийн хамгааллын байгууллагуудад өвөөгийн нөхцөл байдлыг танилцуулах болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх