Спортын байгууллага улс төрөөс ангид байх ёстой гэх яриа дахин хөндөгдөхөд хүргэх үйл явдал өрнөж байна. Учир нь Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган энэ сарын 12-ны Пүрэв гарагт болох гэж буйтай холбоотойгоор удирдах албан тушаалын төлөөх нэр дэвшигчдийн жагсаалт олны анхаарлыг татаж эхэллээ. Чуулганы өмнө тус байгууллагын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг албан ёсоор хүлээн авч дууссан бөгөөд спортын салбарынхан төдийгүй улс төрийн хүрээний нөлөө бүхий хүмүүс олноор орж ирсэн нь “олимпын хөдөлгөөн улс төржих нь гэсэн хардлагыг төрүүлж байна.
Тэргүүний суудалд өрсөлдөгчгүй нэр дэвшигч МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг дахин сонгогдохоор ганцаараа нэр дэвшжээ. Тэрбээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн бөгөөд энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчгүй орж байгаа нь аль хэдийн анхаарал татаж эхэлсэн.

Дэд ерөнхийлөгчийн төлөө улс төрийн өнгө ХЭН байх уу?
Дэд ерөнхийлөгчийн суудалд зургаан хүн өрсөлдөхөөр болсон бөгөөд хамгийн их яригдаж буй нэр бол Я.Содбаатар. Тэрбээр Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг. Спортын холбооноос олимпын удирдлагад шууд дэвшиж буй нь улс төр, спортын зааг бүдгэрч буй дохио болж байна.

Гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын улстөрчид хүч түрэх үү?
Гүйцэтгэх зөвлөлийн 19 суудлын төлөө өрсөлдөөн илүү сонирхолтой болжээ. Тухайлбал УИХ-ын гишүүд болох Ч.Номин болон А.Ганбаатар нар нэр дэвшсэн байна.
Ч.Номин — Монголын Каное, Каяакын спортын холбооны ерөнхийлөгч
А.Ганбаатар — Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагад ажиллаж байсан туршлагатай

Танил нэрсийн цуваа үргэлжилсээр…
Мөн улс төр, нийслэлийн удирдлагад ажиллаж байсан хэд хэдэн танил эрхмүүд ч өрсөлдөөнд нэгдэв. Үүнд: Н.Амарзаяа Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч, Ц.Сандуй Монголын Триатлоны холбооны тэргүүн, М.Анар Монголын Сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч. Ялангуяа улс төр, төрийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс олимпын удирдлагад олноор нэр дэвшсэн нь спортын хүрээнийхэн дунд янз бүрийн таамаг, хардлагыг дагуулж эхэлжээ.
Спорт уу, улс төр үү?
МҮОХ-ны энэ удаагийн сонгууль зөвхөн спортын удирдлагын сонголт биш, харин Монголын спортын ирээдүйн чиглэлийг тодорхойлох чухал мөч болох төлөвтэй. Улс төрийн туршлагатай хүмүүс орж ирснээр санхүү, бодлого сайжрах уу, эсвэл олимпын хөдөлгөөн улс төржих үү гэдэг асуултын хариу тун удахгүй тодорхой болох нь. Чуулганы дараах шийдвэр спортынхон төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байх нь гарцаагүй боллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх