Хотын иргэд бид хорт утаанд хорь гучин жилийг гудийхгүй үдэж байгаа хоншоортой ард түмэн билээ. Хэцүү байна, зовж байна гэж хэлээд ямар ч нэмэргүй. Хэн ч тоохгүй. Ёстой л заяа чинь тэр дээ гэсээр өдийг хүрсэн. Гэтэл харин одоогийн хотын удирдлага маань онцгой шуурхай арга хэмжээ авч байгааг хараад бүр магнайгаа хагартал баярлаж байна гээч. Утаа угаар урьдын адил хэвээрээ байхад юунд баярласан юм гэж үү? Учир байна аа. Жишээ нь, та нар хар л даа. Нийгмийн идэвх зүтгэл сайтай залуус нэлээд хэд хоногийн өмнө "Амьсгалмаар байна, Ард түмэнд агаарт гарах зам зааж аль" гээд л жагсаж цугласныг санаж байгаа биз дээ.
Тэгвэл яг тэгж шаардсанаас ердөө 10-аадхан хоногийн дараанаас манай хотын дарга нар утааны эсрэг маш том ажил эхлүүллээ. За тодруулаад хэлэх юм бол хотын иргэдээ энэ зуух шиг хотоос гаргаж цэвэр агаар амьсгалуулахын тулд автобусны шугам нээх талаар ярьж,
ямар чиглэл рүү явмаар байна, хэдэн төгрөг төлмөөр байна, хэдэн цаг тэндээ баймаар байна гээд л асууж, судалж эхэллээ шүү дээ. Үүнээс том ажил гэж юу байх вэ. Үлбийгээд зүгээр сууж байснаас үнэ, маршрут зэрэг нарийн чухал асуудлыг судалж, иргэдийнхээ санал бодлыг сонсоно гэдэг чинь ард түмнээ бодсон аугаа их нинжин сэтгэл биш гэж үү. Урьд өмнө хэн ер нь ингэж түргэн шуурхай ажиллаж байлаа даа.
За өнөөдрийн тэр Ерөнхийлөгчийн уулзалт, үүрэг даалгавар энэ тэр бол яах вэ. Жижиг асуудал. Утааг бууруулаагүй дарга нарт хариуцлага тооцох үүрэг өглөө ч гэх шиг.
Идэж уусан дарга нарт хариуцлага тооцлоо гээд энэ их утаа буурахгүй нь тодорхой. Харин иргэд маань гучин минут ч болов цэвэр агаарт гараад ирэх боломж бүрдүүлэхээр ул суурьтайхан судалгаа хийж байгаа чинь л хамгийн үр дүнтэй, урьд хожид байгаагүй том гавъяа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх