Цахим мэдээ
Хэн

ШАР МЭДЭЭ: “Шударга тав”-ын задрал жагсаалын индрээс төрийн хаалганы цаана үлдэв үү

    2018 оны өвөл улс төрийн тайзнаа “шударга тав” хэмээн тодорч, тухайн үеийн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардсан хэвлэлийн хурал, жагсаалаар улс төрийн салхийг эргүүлж явсан таван гишүүн өнөөдөр бараг бүгд төрийн өндөрлөгөөс шувтарчээ. Тэд бол Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар. Тэдний улс төрийн замнал “шударга ёс”-оор овоглосон ч хувь заяаны эргэлт нь тун өөрөөр бичигдэв. Шударга ёсны туг баригч эрх мэдлийн оргил, огцом уналтанд аваачив уу. Тавын дундаас хамгийн өндөрт хүрсэн нь Л.Оюун-Эрдэнэ. Жагсаалын индрээс Ерөнхий сайдын суудалд хүрсэн замнал бол улс төрийн амжилтын сурах бичиг мэт. Гэвч 2025 онд хүүгийнх нь хэрэглээтэй холбоотой асуудал дэгдэж, улс төрийн хариуцлага хүлээн суудлаасаа огцорсон нь “шударга ёс ярьсан хүн өөрөө шалгуурт бүдэрлээ” гэх шүүмжлэлийг дагуулсан.

Нүүрсний сүүдэрт хорих ангийн номын сангаас чөлөөтэй амьдрах итгэл олж авсан Т.Аюурсайханы хувьд 2023 оны нүүрсний хэрэг улс төрийн карьерт нь цэг тавив. Түүнийг шалгаж, улмаар хорьж, 1.8 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан нь шударгын индэр дээр зогсож явсан улстөрч өөрөө хуулийн өмнө бүдэрч болдгийг харуулсан. Үүгээр ч зогсохгүй 2.6 жил хорих ангийн номын санч хийсэн түүх нь улс төрийн драматургийн хамгийн хурц хэсэг байлаа. “Шударга” гэх тодотгол шүүхийн тогтоолын өмнө жин багатай байв. 

Сонгуулийн ялагдал, томилгооны богино настай замнал Ж.Батзанданд тохиов. Ж.Батзандан 2020 оны сонгуулиар парламентад эргэн орж чадсангүй. 2025 онд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ч удалгүй чөлөөлөгдөв. Нэгэн цагт жагсаалын манлайд зогсож, олны алга ташилтад дарагдаж явсан хүн “төрд хэрэггүй” гэх шүүмжлэлд өртөх хүртэл замнал ийм богино байж болохыг түүний жишээ илтгэх шиг...  

Чимээгүй тоглогч Л.Болд улс төрийн идэвхтэй фронтоос аажмаар холдож, анхны “шударга тав”-ын имиж дуугүй байж бүдгэрүүлэв. Элчин сайдын томилгооны эрх аваад улс төрийн тоглолтоос санаачлагаараа хасагдсан тэрбээр төрийн гол тоглогч байхаа хэдийнээ больжээ. 

Харин Х.Нямбаатар гишүүний суудлаас бууж хотын дарга болсон. “Дахин нэр дэвшихгүй” хэмээх амлалт нь улс төрийн хүрээнд өөрийн гэсэн тооцоотой алхам байсан уу гэдэг таамгийг дагуулж байсан. Тэрбээр өнөө хэр тавын дундаас хамгийн тогтвортой үлдсэн улс төрчөөр нэрлэгдэж байна.

2018 онд тэдний хөдөлгөөн улс төрийн системд доргилт өгсөн нь үнэн. Гэвч найман жилийн дараах дүн харахад:

  • Нэг нь Ерөнхий сайдын суудлаас огцорсон

  • Нэг нь хоригдож суллагдсан

  • Нэг нь сонгуулийн ялагдал, томилгооны богино настай алба хашсан

  • Нэг нь улс төрийн идэвх сулруулсан

  • Нэг нь орон нутгийн засаглалд төвлөрсөн

Шударга ёсны төлөө нэгдсэн эвсэл эрх мэдлийн шат ахих тусам задарч, хувь хувьсгалын замаар явжээ.

Эцэстээ “Шударга тав” бол тухайн цаг үедээ нийгмийн бухимдлыг улс төрийн хэлбэрт оруулж чадсан үзэгдэл. Гэвч улс төр бол зөвхөн уриа биш, урт хугацааны хариуцлага шаарддаг талбар гэдгийг тэдний замнал харууллаа. Өнөөдөр энэ асуултаа шударга таваас дахин асуумаар байна. М.Энхболдыг л унагавал шударга ёс тогтноо хэмээн өвлийн хүйтэнд жагссан жагсаалын үр дүн нь хэнд наалдав, Өнөөдөр шударга ёс тогтсон уу эсвэл шударга нэртэй улс төрийн цикл л дууссан уу???
 

Төрийн өндөрлөгөөс шувтарсан энэ таван улстөрчийн түүх Монголын улс төрд нэг сургамж үлдээв. Шударга гэж нэрлэгдэх амархан, харин шударга хэвээр үлдэх хамгийн хэцүү гэдгийн тод жишээ болов

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин