Цахим мэдээ
Хаана

Нийслэлийн 52 дугаар сургууль дээр Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэлээ

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүрээнд хамтын ажиллагааны хүндэтгэлийн уулзалтыг Куба улсын нэрт эх оронч, их сэтгэгч Хосе Март-ын нэрэмжит Нийслэлийн 52 дугаар сургууль дээр зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний үеэр хоёр орны төлөөлөгчид боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцолсон юм. Бүгд Найрамдах Куба Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс гэдгээрээ онцлогтой.

Боловсролын салбар дахь хамтын ажиллагаа

Кубын Засгийн газар 1963 оноос эхлэн Монголын оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 120 гаруй оюутан Кубад суралцан төгсжээ. Тэдгээрийн дийлэнх нь анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшиж, эх орондоо салбартаа манлайлагч эмч, мэргэжилтнүүд болон ажиллаж байна. Одоогийн байдлаар Куба улсад 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм. Түүнчлэн 2005 оноос эхлэн 52 дугаар сургуулийн төгсөгчдөд анагаах ухаан болон боловсролын чиглэлээр Кубад суралцах тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар найман төгсөгч тус улсад суралцаж байна.

Элчин сайдын байр суурь

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эмилио Певида Пупо ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

“Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа нь бахархалтай үйл явдал юм. Энэ нь хоёр орны найрсаг, эрх тэгш харилцааны тод илэрхийлэл. Цаашид манай хоёр улсын дипломат харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ” хэмээн онцоллоо.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол–Кубын парламентын бүлгийн дэд дарга Г.Хосбаяр хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн ач холбогдлыг дурдсан юм.

Ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа: 

Дипломат харилцааны 65 жилийн ойн хүрээнд Нийслэлийн 52 дугаар сургууль 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү санаачилга нь Монгол, Кубын хамтын ажиллагааг улам бататгах, боловсролын салбарын харилцааг өргөжүүлэхэд эерэг үр дүн авчирна гэж талууд үзэж байна.

Хоёр улсын найрамдалт харилцаа ийнхүү боловсрол, хүмүүнлэгийн салбараар дамжин улам батжин гүнзгийрсээр байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин