Цахим мэдээ
Тойм

МҮДЭБ тамирчдаас шинжилгээ авахдаа дүрэм, стандартын ноцтой алдаа гаргаж байна

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ /-аас үндэсний бөхийн тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээ авахдаа дүрмийн бус үйлдэл хийдэг гэх мэдээлэл байна. Тодруулбал, уг шинжилгээ нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг бүхэлд нь зөрчиж байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Учир нь тамирчдыг сонгон шалгаруулах мэргэжлийн баг байгуулаагүй, зөвхөн өөрсдийн үзэмжээр сонгон шалгаруулж, зарим тамирчдаас байршлын мэдээлэл огт аваагүй, заримаас нь авахдаа байршлын мэдээлэл авах стандарт зөрчдөг зэрэг алдаа гаргасан байгаа юм. Тэд ийнхүү тэмцээний бус үеийн шинжилгээ авахдаа заавал мөрдөх ёстой хэд хэдэн стандартыг зөрчиж байгаа нь бөхчүүдийг хохироох томоохон эрсдэл болж байна.

Энэ ноцтой асуудал анх гарч байгаа юм биш. Өмнө нь ч дээрх зөрчлийг гаргаж, хоёр бөх хохирсон бөгөөд арбитрын шүүхэд хандаж, эрхээ сэргээлгэж байсан түүхтэй. Допингтой тэмцэх нь зүйн хэрэг. Гэхдээ тэмцэх нэрээр дүрэм журмаа зөрчин шинжилгээ авах нь гэм зэмгүй тамирчдыг хохироох, Монгол бөхөө муухай харагдуулах үр дагавартайг анхаарах шаардлагатай байна.  

Манай улсад допингийн шинжилгээ авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Үндэсний допингийн эсрэг дүрмийг хэрхэн зөрчиж байсныг одоо эргэн сануулъя.  

Монгол Улс Дэлхийн допингийн эсрэг конвенцид 2007 онд нэгдэн орсон байдаг. Уг конвенцид нэгдэн орсноор Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд үндэсний бөхийн тамирчдаас авсан ихэнх шинжилгээ энэхүү дүрмийг зөрчжээ. Тухайлбал, тэмцээний үед авсан шинжилгээнүүд нь төлөвлөгөө боловсруулаагүй, хадгалах, тээвэрлэх стандартуудыг зөрчиж, эмчилгээний зориулалтаар чөлөөлөх, үр дүнгийн удирдлага хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн багуудыг байгуулалгүйгээр тамирчдаас шинжилгээ авч тамирчдыг хохироож байсан байна. Харин тэмцээний бус үеийн шинжилгээ авахдаа төлөвлөөгөө боловсруулж, хараат бусаар сонгон шалгаруулдаггүй, ганц хүн өөрийн үзэмжээр сонгон шалгаруулж, байршлын мэдээлэл авалгүй дуудаж авсан зэрэг дүрмийн ноцтой зөрчлүүдийг гаргасан байдаг.

Стандарт зөрчиж, процесс буруу явбал үр дүн буруу байдаг логикийн дагуу олон бөх энэ асуудлаар шүүхдэж, улмаар ялалт байгуулж, барилдах эрхтэй болж байсан нь үүний тод нотолгоо болдог.

Тиймээс одоо энэ байгууллага “Допинггүй Монгол бөх, допингтой тэмцэнэ...” гэж хий хоосон цэцэрхэхээсээ өмнө дүрэм, стандартаа ягштал мөрдөж, хэн нэгнийг хохироохгүй байх нь нэн чухал байна. Өөрөөр хэлбэл,  тамирчид допинг хэрэглэхээс илүү хэмлэгдэх нь илүү ноцтой асуудал болчхоод байгааг энэ мэт жишээ харуулж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (76.220.74.140)
    Японы сүмо бөх допинг энэ тэр гэхгүй болоод л байна. Манайх энэ 1 заваан юмаа боливол таарна доо
    2024 оны 12 сарын 18 | Хариулах